Эхийн сүүний ашиг тусын талаарх сонирхолтой 20 баримт
2022-08-03

 

 

Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгаас өөр байдгийг та мэдэх үү? Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг төдийлөн мэддэггүй.

 

Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

 

Тэгвэл бид энэ удаа эхийн сүүний ашиг тусын талаарх сонирхолтой 20 баримт хүргэж байна.

 

1. Ангир уураг (анхны сүү) нь нярайн гэдэс дотрыг бүрхэх тусгай уургуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь нярайг аливаа нэг эмгэгээс хамгаалдаг байна.

 

2. Хөхний сүү нь найрлагадаа сая гаруй амьд эсүүд агуулна. Эдгээр нь дархлааг бэхжүүлж, нярайн эрхтний өсөлт, нөхөн сэргээлтэд томоохон хувь нэмэр оруулдаг.

 

3. Нярайн бие махбодын өсөлт, тархины мэдрэлийн эсүүдийг хамгаалах, дэмжихэд тусалдаг 1000 гаруй төрлийн уураг агуулна

 

20 гаруй амин хүчил агуулагддаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр нь нярай бөх унтаж амрахад тусалдаг байна.

 

4. 200 гаруй олигосахарид агуулдаг. Эдгээр нь нярайн гэдсэн дэх тэнцвэртэй байдлыг хадгалахад шаардлагатай пребиотикийн (ашигтай бичил орчныг үүсэх хөрс болж өгдөг) үүргийг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ эдгээр нь халдварыг цусны урсгалд орох болон тархины үрэвсэл үүсэхээс сэргийлнэ.

 

5. Эсийн бодисын солилцоог дэмжих 40 гаруй фермент агуулна. Эдгээр нь хоол боловсруулах, биед төмрийг шингээж авах чадварыг дэмжиж, дархлааг идэвхжүүлэх үүрэгтэй.

 

6. Дотоод эрхтэн, судас, мэдрэлийн тогтолцоо, дааврын үйлдвэрлэлийг хариуцах биеийн хэвийн хөгжлийг дэмжих өсөлтийн хүчин зүйлс.

 

7. Олон төрлийн дааврууд агуулагдана. Эдгээр нь эд эрхтний хоорондын мэдээлэл солилцоог хангаж, хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Зарим даавар нь хоолны дуршлыг хянах, унтах, ээж ба хүүхдийн хоорондын холбоог бэхжүүлэх үүрэгтэй.

 

8. Эрхтний хэвийн өсөлт, үйл ажиллагаа, шүд, яс хэлбэржих явцыг дэмжих олон төрлийн витамин эрдэс бодис агуулна.

 

9. Үндсэн таван төрлийн эсрэг биетүүдийг бүгдийг агуулдаг ба эдгээр нь нян, вирусийг саармагжуулж, нярайн биеийг аливаа нэг халдвар, эмгэгээс

сэргийлнэ.

10. Хүүхдийн мэдрэлийн тогтолцоог бий болгох, тархи болон нүдийг хөгжүүлэх гол үүргийг гүйцэтгэгч урт гинжит тосон хүчил агуулагдана.

 

 

11. 1400 төрлийн микроРНХ (уургийн нийлэгжилт чухал үүрэгтэй нуклеин хүчил) агуулна. Эдгээр нь аливаа нэг эмгэгээс урьдчилан сэргийлэх,

тархалтыг зогсоох, дархлааг дэмжих үүрэгтэй ба эхийн хөхний бүтцийг өөрчлөх чадвартай гэж үздэг байна.

 

12. Хөхний сүүний найрлагад халдвараас хамгаалах болон хөхний үрэвсэл дарах бодисууд агуулагддаг. Хэрэв таны хөхний толгой хагарсан бол сүүнээс хэдэн дуслыг түрхэж шавших нь эдгэрэлтийг дэмжинэ.

 

13. Баруун талын хөхөнд илүү их сүү ордог. Хөхний хэмжээнээсээ болж санаа зовних хэрэггүй! Учир нь сүүний хэмжээ хөхний хэмжээнээс огт хамаардаггүй аж.

 

14. Хөхөөр хооллоход өдөрт 500-600 калор шатаадаг тул богино хугацаанд хэвийн жиндээ эргэн очиход туслах юм.

 

15. Эхийн хооллолтоос хамаарч хөхний сүү цэнхэр, ногоон, алтлаг шар, ягаан, улбар шар өнгөтэй гарах боломжтой. Энэ нь хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдаг байна.

 

16. Хөхний сүү нь нярайн амтлах чадварыг хөгжүүлж байдаг. Учир нь хөхний сүү эхийн хооллож байгаа бүтээгдэхүүнээс хамаарч амтаа өөрчлөх чадвартай байдаг ба энэ нь нярайг бор хоолонд ороход бэлтгэдэг гэж хэлж болно.

 

17. Хөхүүлэх нь хөх хэлбэрээ алдах шалтгаан болдоггүй. Харин жирэмсний үед ялгарах дааврууд нь хөхийг дэмжих шөрмөсийг сунгадаг тул жирэмсний хугацаанд өөрт тохирсон хөхний даруулга заавал хэрэглэж хэвшээрэй.

 

18. Эх өвдсөн тохиолдолд хөхөөр хооллохыг хориглодоггүй. Учир нь энэ үед эхийн биед өвчин үүсгэгчтэй тэмцэх дархлааны хариу урвал өрнөн, эсрэг биет үүсэж байдаг байна. Хөхөөр хооллох үед сүүгээр дамжин хүүхдэд ч мөн уг халдвар, эмгэгээс өөрийгөө хамгаалах эсрэг биет дамждаг байна.

 

19. Хөхөөр хооллож байсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдар, зүрхний шигдээс, хоёр дугаар хэлбэрийн чихрийн шижин, төрсний дараах сэтгэл гутрал зэрэгт өртөх магадлал бага байдаг аж.

 

20. Төрснөөс хойш 28 хоногийн туршид хөхүүлэх нь нярайн тархины хөгжилд эерэгээр нөлөөлж, бага насанд ой тогтоох чадвар болон IQ сайтай болдог байна.

Shuud.mn
Сонин хачин