НҮБ: Дэлхий даяар дүрвэгчдийн тоо 100 саяыг давлаа
2022-05-23

Цэргийн болон иргэний сөргөлдөөн, мөрдөлт хавчлага, хүний эрхийн зөрчил болон бусад төрлийн шалтгааны улмаас улс орноо орхин дүрвэхээс аргагүй болсон хүний тоо 100 саяыг давсан гэнэ. Энэ талаар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар мэдээлсэн байна. 

 

НҮБ-ын мэдээлснээр, ОХУ Украинд дайн өдүүлсэн нь дүрвэгсдийн тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн гэнэ. ОХУ, Украины хооронд дайн дэгдсэнээс хойш 14 сая гаруй хүн дүрвэснээс зургаан сая орчим нь хилийн чанадыг зорьж, харин найман сая нь дотооддоо дүрвэжээ.

 

“Зуун сая гэдэг бол аймшигтай тоо. Сүйрэл дагуулсан зөрчилдөөнөөс сэргийлж, хүмүүсийг хавчиж мөрдөхгүй байх, гэм зэмгүй хүмүүс орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй байдалд ордог шалтгаануудыг устгах ёстой гэдгийг харуулсан дохио" хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдэгджээ.

 

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, дүрвэгчдийн тоо дэлхийн нийт хүн амын нэг хувиас давсан гэнэ. Мөн Украинд найман сая гаруй хүн дотооддоо дүрвэсэн ч албан ёсоор дотооддоо дүрвэсэн гэх статустай хүн хоёр сая гаруй л бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин