Цөлжилтөд өртсөн газарт ойн хамгаалалтын зурвас байгуулна
2022-04-12

Цөлжилтийн 2020 онд хийсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртжээ. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн буй.

 

 

Өнгөрсөн хоёр жил  цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, говийн баян бүрдийг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, булаг шанд тохижуулах үйл ажиллагааг 265 га талбайд хэрэгжүүлж байна.

 

Ойн нөхөн үржихүй, нөхөн сэргээлтийн төвийн Ойн судалгаа, хөгжлийн төвийн дарга Г.Ганзориг хэлэхдээ “Засгийн газар ‘’ Тэрбум мод тарих ’’ үндэсний хөтөлбөрийн хүрээнд ургуулах нийт модны 30 хувийг зөвхөн цөлжилтөөс хамгаалахад зориулна гэв. Баянхонгор аймгийн Байгаль орчны аялал жуулчлалын газрын дарга хэлэхдээ, тус аймаг нь тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2030 оныг дуустал 20 сая мод тарих гэрээнд гарын үсэг зурсан гэсэн юм.

 

Ойн судалгаа хөгжлийн төвийн Ой үржүүлэх, нөхөн сэргээлтийн албаны дарга Г.Ганзориг: Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд цөлжилт болон шар шороон шуурганаас хамгаалах зорилгоор нийт тэрбум модныхоо 30 орчим хувийг зөвхөн цөлжилтөөс хамгаалах үйл ажиллагаанд зориулна гэсэн тооцоо судалгаа бид гаргаад байгаа. Монгол улсын хэмжээнд цөлжилтөд өртсөн талбайгаараа газар  нутгийнхаа 20 – с илүү хувьд хүрсэн аймгуудаа бид зориудаар элсний нүүдлээс хамгаалах хамгаалалтын ногоон зурвас байгуулах, говь хээрийн цөлд байгаа ус цэгүүд, баян бүрдлүүдийг хамгаалах зурвасууд, элсний нүүдлээс шалтгаалж  авт болон төмөр замуудад модоо тарихаар бид  төлөвлөөд байна.

 

Баянхонгор аймгийн БОАЖГазрын дарга Э.Ганзориг: Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа байдаг.  Баянхонгор аймаг 20 сумтайгаас 14 нь цөлжилтөд өртсөн. Тэгэхээр тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай аймаг 2030 он дуустал 20 сая мод тарьж ургуулахаар хариуцлагын гэрээ байгуулсан. 2022 оны төлөвлөлтөөр бол  500.000 модыг тарьж ургуулах төлөвлөгөөтэй явж байна. Одоо бэлтгэл ажил хангагдсан байдалтай явж байна.

 

Эх сурвалж: А24

Shuud.mn
Сонин хачин
Шумэрийн тахилгаас болоод цөлжөөд байна
2022-04-12