Мягмар гарагийн мэнд. “Хашаандаа сайхан амьдаръя” цахим хуудаснаа өөрийн хашаагаа тохижуулсан зургаа хуваалцсан нь олон хүний талархлыг хүлээгээд буй нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Ишдоржийн Анхбаяртай холбогдож, цөөн хором ярилцлаа.
Сайн байна уу? Та Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн, сайн байна уу. Намайг Ишдоржийн Анхбаяр гэдэг. Манайх ам бүл дөрвүүлээ. Нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг гэр бүл байна.
Танай гэр бүл хашаагаа хэзээнээс тохижуулж эхэлсэн бэ?
-Хашаа байшинд амьдрахаар шийдэж, хашаагаа худалдаж аваад таван жил болж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хашаагаа тохижуулж байна. Тохижуулалтын ажил ерөнхийдөө дууссан. Ажлынхаа цаг заваар бага багаар тохижуулсан.
Өнгөрсөн хугацаанд хашаагаа барихаас эхлээд хаалга, эко 00, амьдрах байшин, саравч, сүүдрэвч, явган хүний зам, тахианы байр, мод тарих зэрэг тохижуулалт хийсэн байна. Одоо усныхаа асуудлыг шийдчихвэл бүрэн тохижуулж дуусна гэсэн үг.
Халаалтаа хэрхэн шийдсэн бэ?
-Манайх халаалтаа цахилгаанаар шийдсэн. Тэгэхээр гал түлэхгүй цаг хугацаа хэмнээд маш амар байдаг. Байгаль орчинд ч гэсэн ээлтэй.
Өнгөрсөн хугацаанд хашаагаа тохижуулахад хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Бүх зүйлийг 0-ээс эхэлсэн. Энэ хугацаанд 40-50 сая төгрөг зарцуулсан байна. Гэхдээ энэ мөнгийг нэг дор гаргаагүй. Бага багаар цуглуулж, жил жилээр тохижуулсан.
Орчин үед хүн бүр орон сууцанд амьдрахыг хүсэх болж. Хашаа байшинд амьдрахын давуу тал?
-Хүний эрхэнд биш өөрийн дураар амьдрах боломжтой. Өрхийн аж ахуй эрхлэх боломжтой. Гэр бүлээрээ амьдрахад хамгийн тав тухтай орчин бол хашаа байшин.
Танайх тахиа тэжээдэг юм билээ. Хэзээнээс тахиа тэжээж эхэлсэн бэ? Тахианаас өөр өрхийн аж ахуй эрхэлдэг үү?
-Дөрвөн жилийн өмнөөс тахиа тэжээж эхэлсэн. Би амьтан тэжээх их дуртай./инээв/ Тахиа тэжээхэд арчилгаа их шаарддаг. Тахиа тэжээж өрхийн хэрэгцээгээ хангадаг. Илүү гарсныг нь худалддаг.
Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүн үнэ нэмэгдэж байна. Танайх өндгөө хэдэн төгрөгөөр худалдаалж байна?
-Үйлдвэрийн өндөг биш учраас гадуур зарагдаж байгаагаас арай илүү үнэтэй гардаг. Нэг өндөг 800-1000 төгрөгөөр худалдаалдаг. Гэхдээ манай өндөг амт чанар сайн.
Танайх тахианы үүр хийж, худалдаалдаг уу?
-Том тахианы үүр хийж зардаггүй. Харин жижиг дэгдээхэйний үүр хийж борлуулдаг. Манайх дөрвөн төрлийн үүр хийсэн. Тахианы үүр хэмжээнээсээс хамаараад өртөгийн хувьд өөр өөр байна.
Хашаагаа тохижуулах гэж буй айлуудад та зөвлөгөө өгөөч?
-Хамгийн эхлээд үүдээ тохижуулж эхлээрэй. Маш сайн төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөөний дагуу хашаагаа тохижуулж эхэлбэл үр дүнтэй.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Г.Мичид
Уншиж байна |