Нийслэлийн тендерүүдэд оролцогч олдохгүй байна
2022-04-11

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав. Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1158 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 76.5 хувийн гүйцэтгэлтэй, 854 ажилд тендер зарлажээ. 272 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй. Үүнээс зураг төсөл нь бэлэн болоогүй 79 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудаас тодруулсан юм.

 

 

Тендер сонгон шалгаруулалт зарласан ч материал ирэхгүй ажил олон байна

 

Дүүргийн Засаг дарга нар тендер сонгон шалгаруулалт зарлаж байгаа ч аж ахуйн нэгжүүд материал өгөхгүй байх тохиолдол олон байгаа. Мөн агентлагуудын уялдаа, холбоогүй байдлаас болж ажил удааширч байгааг хэлж байв.

 

 

Аж ахуйн нэгжүүд тендерт оролцохгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “Манайх 197 төсөл, арга хэмжээний тендер зарлахаас өнөөдрийн байдлаар 21 ажлын зураг төсөв, техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, ажлын даалгавар ирээгүй. Он дамжин хэрэгжиж байгаа, оролцогч байхгүй 11 төсөл, арга хэмжээ байна. Эдгээрээс хамгийн олон нь 12 удаа тендер зарласан. Хийх ажлын хэмжээ төсөвтэйгээ уялдаагүй, ашиггүй учраас оролцогч байхгүй байна. Он гарснаас хойш Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарласан ч оролцогч байхгүй 24 ажил байна” хэмээн ярилаа.  

 

Үнийн өсөлттэй холбоотойгоор сонгон шалгаруулалтад орохгүй байна

 

 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Манай газарт 30 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа. Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 26 ажил байна. Энэ жил нийт 66 төсөл, арга хэмжээ хийгдэнэ. Түгжрэлтэй холбоотой 22 ажлаас 13 ажилд тендер зарласан. Үүнээс дөрвөн ажилд гүйцэтгэгч шалгарсан бол долоон ажилд дахин тендер зарлаж байгаа. Үнийн өсөлт, хил дээр ачаа саатаж байгаатай холбоотойгоор сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд орохгүй байна. Олимпын гүүрийн ажлыг зургадугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа” гэв.

 

Ачаа, бараа Монголд ирэхдээ найман дамжлага дамжиж байна

 

 

Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж, нэгтгэн, танилцуулахыг үүрэг болсон. Энэ ажлын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа “Бид холбогдох байгууллага болон ГХЯ, Бээжин хот дахь ЭСЯ-тай холбогдсон. Худалдан авах ажиллагаатай холбоотой бараа нь гацсан дөрвөн байгууллага мэдээллээ ирүүллээ. Эрээний боомтоор өдөрт 50-60 чингэлэг ачаа орж ирж байгаа. Ачаа, бараа Монголд ирэхдээ найман дамжлага дамжин, 2-3 сарын хугацаа шаардаж байна” гэв. Мөн тээврийн зардал өссөн гэдгийг тодотгож байлаа.

 

Цемент, бетон зуурмаг, арматурын үнэ өссөн

 

 

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 56 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд нийслэлд 17.478 айлын орон сууц ашиглалтад орсон. Үүнээс 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 85 хувиас дээш гүйцэтгэлтэй 21.279 айлын орон сууц байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн онд 1001 айлын орон сууц ашиглалтад орсон бол 2022 онд 6033 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, цемент, бетон зурмагийн үнэ 95, арматур 68 хувийн өсөлттэй байна” хэмээлээ.

 

Цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтын ажлуудыг төлөвлөлтийн дагуу хийж байгаа

 

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Зураг төсөл нь гарахгүй байгаагаас ажил удааширч байна. Өнгөрсөн амралтын өдөр газар чөлөөлсөн байршлуудтай танилцсан. Зураг төслийн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцөлсөн. Мөн нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж байна. 23 байгууллагатай уулзаж, үнэ буулгах санал гаргасан. Нийслэлийн хувьд үнэд нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог. Хаврын цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтын ажлууд төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа” гэв.

 

Хотын дарга үүссэн нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авч ажиллах ёстойг онцоллоо.

 

Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

 

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулах. Зураг төсөв, ажлын даалгавар тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.

  • Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах.

  • Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийж байгаа барилга, байгууламж, авто замын засвар шинэчлэлийн ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

  • Нийслэлийн хэмжээнд эвдэрч, гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.

  • Нийслэлд барилга байгууламж барих хүсэлт гаргахаас улсын комисс хүлээж авах хүртэлх үйлчилгээ бүрийн шат дамжлага, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, бизнес процессын дахин загварчлалыг гаргаж, нийслэлийн хэмжээнд эрх зүйн зохицуулалтаар үйл ажиллагааг нь багасгах боломжтой үйлчилгээнүүдийг хялбаршуулах.

  • Барилгын үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээнүүдийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хүндрэл чирэгдэл үзүүлэхгүйгээр одоогийн ашиглаж буй цахим системүүдийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн мэдээллийн санг нийслэлд үүсгэх, нэгдсэн эх үүсвэрээр буюу “Онлайн бизнес төв”-ийн цахим системээр хүргэж, ажиллах.

  • Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх. 

  • Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан хашааны стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавьж, танилцуулж ажиллах.

  • Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газарт хууль, дүрэм журам зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих дэд ажлын хэсгийг байгуулж ажиллах.

  • Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд нь өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах.

  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд Хот тосгоны барилгажилтын норм, дүрэм хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх хязгаарыг давсан 111 байршил байгаа. Иймд эдгээр 1044 га газарт цаашид инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтэц болон нийтийн эзэмшлийн зам талбайг барихаас бусад зориулалтаар шинэ газар эзэмших, ашиглах эрх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх саналыг холбогдох дүрэм журмын хүрээнд боловсруулж, энэ долоо хоногт багтаан танилцуулахыг тус тус үүрэг болгов.

 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин