Г.Нямпагма: Хүүхэд бүр нар зурах албагүй 
2022-04-11

Монголын Тусгай Олимпын хорооноос хэрэгжүүлж буй “Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд хувь хүн, байгууллагуудын тус, дэмжлэгтэйгээр онцлогтой хүүхдүүдийг тэгш хамруулан оролцуулах зорилготой төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, эхний цогц арга хэмжээгээ Говийн бүсийн дөрвөн аймаг, Зүүн бүсийн гурван аймагт зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байв. 

Ш.Анхбаяр: Биднээс жаахан л өөр, онцлогтой хүмүүсийг ойлгож харилцах хэрэгтэй

“Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд Говийн болон Зүүн бүсийн аймгуудад зохион байгуулагдсан сургалт семинар, наадамд оролцоод ирсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үндэсний төвийн сэтгэлзүйч Г.Нямпагматай ярилцлаа. 


-    Та “Боломжийг бүгдэд” төслийн арга хэмжээнд тоглоомон заслын аргынхаа талаар танилцуулсан гэсэн ? 

Зүүн бүсийн аймгуудад зохион байгуулагдсан сургалт семинарын үеэр


 

Г.Нямпагма: Гадаадын орнуудад 0-12 нас хүртэлх насныханд энэ тоглоомон заслын аргыг их өргөн хэрэглэдэг. Хүүхэд өөрийнхөө тоглох сонирхолтой байгаа тоглоомоор дамжуулаад өөрийнхөө дуртай орчиныг бүрдүүлээд, түүндээ тоглонгоо хөгжил явагддаг гэж үздэг юм. Манай өрөөнд төрөл бүрийн тоглоомууд бий, тэр тоглоомуудыг ашиглаад зорилготойгоор тоглоход нь дэмжлэг үзүүлдэг. Хүүхдүүд ч гэсэн том хүмүүстэй адилхан стресстдэг, ялангуяа манайд ирж үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн хувьд ямар нэгэн бэрхшээлтэй байгаа учраас ихэнх нь өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хэл ярианы хөгжил хоцрогдолтой байдаг.

Хүүхэд хүний юу гэж хэлээд байгааг ойлгохгүй, өөрөө бусдад өөрийгөө илэрхийлэх гэхээр өөрийнх нь хэл ярианы бэрхшээл саад болоод, чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх , тэрнээсээ болоод стресс бухимдалууд гардаг. Тэгээд сөрөг зан үйлүүд болдог. Мэдээж өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа учраас уурлана шүү дээ. Тэгээд уурлаж бухимдахаараа хумсаа мэрэх ч юм уу, маажих, хазах цохих гэх мэтээр сөрөг зан үйлээр өөрийгөө илэрхийлдэг. Зарим тохиолдолд өөрийгөө гэмтээх зан үйлүүд ч  гаргана. 


Өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа учраас эсвэл бусад хүмүүс өөрийг нь юу илэрхийлж байгааг ойлгохгүй  гэдгээс болоод хана, шал мөргөх, өөрийгөө цохих  гэх мэт сөрөг зан үйлүүд гаргадаг. Энэ сөрөг зан үйлүүдийг бууруулах зорилгоор тоглоомон заслын үйлчилгээг үзүүлдэг. Тоглоом тоглоход заавал ярих шаардлагагүй. Хүүхэд өөрийнхөө дуртай тоглоомыг сонгоод тоглоно, ингээд энэ үеэр  хүүхдэд сул байгаа чадваруудыг хөгжүүлэх зорилгоор яг нэг тоглоомыг сонгон тоглоно. Хүүхэд өөрийнхөө дуртай байгаа тэр тоглоомоор тоглонгоо бусад танин мэдэхүйн чадвар нь хөгжихөөс гадна, сэтгэл санааны байдал нь тогтворжиж сөрөг зан үйлүүд нь багасдаг. Хүүхэд ярилцахгүй байгаа ч гэсэн өөрийнхөө дуртай тоглоомыг тоглож байх үедээ уртаар санаа алдаж, тайвширдаг, тоглоомон заслын өрөөнд орж ирэх маш их дуртай болдог юм. 


-Энэ арга ер нь хэр үр дүнтэй  байна таны ажиглалтаар. Ер нь Монголд энэ аргыг нэвтрүүлээд хэр удаж байгаа юм бол? 


Г.Нямпагма: Би тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй зургаа дахь жилдээ, Сонсголонд байрладаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах төвд ажиллаад гурван жил болж байна. Энд ажиллаж эхэлснээс хойш тоглоомон заслын аргыг тууштай ашиглаж эхэлсэн. Өмнө нь хүүхдүүдтэй тоглоод л, сэтгэлзүйг нь хөгжүүлдэг байсан ч яг тоглоомон заслын арга ашиглаж байгаа гэдгээ мэддэггүй байлаа. Яг энэ чиглэлээр ажиллаад, үр дүн гараад байгааг мэдээд, зүгээр тоглонгоо зорилготойгоор тоглохоор ямар хөгжил явагдаж байна гэдгийг судлаад үзэхээр play training гэж олон улсад хэрэглэгддэг аргыг хэрэглээд явснаа мэдсэн л дээ. Жишээлэхэд, сууж сураагүй хүүхэд байлаа гэхэд тоглоомоор дамжуулж суух чадварыг нь дээшлүүлэх боломжтой. 


- Энэ тоглоомон заслын аргыг хэрэгжүүлэхэд саяхан болж өнгөрсөн арга хэмжээ шууд холбоотой юм байна, тийм үү? 


Г.Нямпагма: Тийм ээ. Сая “Боломжийг бүгдэд” төсөлтэй холбоотойгоор спортоор дамжуулан хүүхдүүдийг бас тэгш хамруулах, сургалтанд оролцуулах сэдвүүдийг нэлээн хөндөж ярьсан. Спортоор дамжуулаад хүүхдийг тэгш хамруулах боломжтой гэдэг үүднээс ийм үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Энэ төрлийн олон арга хэмжээ зохион байгуулснаар хүүхдүүдийг тэгш хамруулахын дээр чадварыг нь дээшлүүлж, цэцэрлэг, сургуульд жигд хамруулах боломжтой болно. Одоо манайд нийтлэг ажиглагдаж байгаа нэг үзэгдэл гэвэл, онцлогтой хүүхдийг ердийн цэцэрлэгт авдаггүй, сургуульд оруулахаар “энэ хүүхэд чинь сууж чадахгүй байна,  босож гарч гүйгээд байна авч чадахгүй” гэх мэтээр цааргалдаг. Ингээд л тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхчүүдэд дарамт үүсдэг юм. Энгийн сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхэдтэй тулж ажиллах хүсэлтэй ч аргазүй дутмаг байх нь бий. Онцлогтой хүүхдүүдийг хөгжүүлэхэд нийгмийн орчин маш чухал. 


Тэр хүүхэд бусад хүүхдүүдтэй адилхан заавал нар зурах албагүй. Нар зурж чадахгүй юм аа гэхэд яг хажууд нь суулгаад зүгээр л  зураг будах, харандаагаа барихад нь туслаад, эсвэл өөрийнх нь хүссэн юмыг нь зуруулаад хичээлд оролцуулах л чухал. 


SHUUD.mn: Биднийг ийн ярилцах зуур Нямпагма багшийн хоёр шавь, ихэр ах дүүс орж ирлээ. Тэдний нэг нь аутизм оноштой, харин –ын онош үгүйсгэгджээ

Ихэр ах дүүс А.Эрдэнэбилэг, А.Цэцэнбилэг

-Танилцъя, та хоёр хаана сурдаг вэ ? 

А.Цэцэнбилэг- Хан-Уул дүүрэгт 


-Хэддүгээр сургуульд сурдаг вэ? 

А.Цэцэнбилэг : Дөрөвдүгээр анги. "Оргил" сургууль. Өнөөдөр чөлөө авсан 

- Та хоёр  ямар спортоор хичээллэдэг билээ? 

А.Цэцэнбилэг : Аль ч спортоор хичээллэдэггүй 


-Тийм үү ?. Саяны энэ арга хэмжээнд оролцсон уу? 

А.Цэцэнбилэг: Дорнод руу явсан

Г.Нямпагма: А.Цэцэнбилэг, А. Эрдэнэбилэг хоёр сая аавтайгаа нэг гоё арга хэмжээнд явсан тийм ээ? 
Хүүхдүүд: Аанхаа 
–Хаашаа явсан бэ ? 

Хүүхдүүд: Чойлбалсан хотод очсон.

-Чойбалсан хотод юу болсон бэ? 
Хүүхдүүд –Дорнод явсан, хүүхдүүдэд тусласан,  хүний хөгжлийн ордонд очсон. 


-Тэр ордонд юу хийсэн бэ та хоёр? 
А.Цэцэнбилэг –Би тусласан,  Эрдука /А.Эрдэнэбилэг/ чадахгүй байсан. 
А.Эрдэнэбилэг: Би халуураад... 

 –Өө, одоо бие нь гайгүй юу ? 

А.Эрдэнэбилэг: Аанхаа,  халуураад чадахгүй байна гэсэн 

- А.Цэцэнбилэг ямар хүүхдүүдэд тусалсан бэ

А.Цэцэнбилэг: Аутизмтай , синдромтой хүүхдүүдэд туслаад ирсэн.

–Тэдэнтэй уулзаж танилцахад ямар санагдсан бэ? 

А.Цэцэнбилэг: Мэдэхгүй

- Тэр хүүхдүүдтэй найзууд болсон уу ? 

А.Цэцэнбилэг: Болоогүй ээ, зүгээр л яаж дасгал хийхийг заасан.  

–Та хоёр өөрсдөө спортоор хичээллье гэж бодож байна уу ? 

А.Цэцэнбилэг: Бодож байна. 

–За ямар спортоор хичээлэлмээр байна ? 

А.Цэцэнбилэг: Хүний хөгжлийн ордонд очоод л ...

Г.Нямпагма: Цэкү /А.Цэцэнбилэг/ Чойбалсан хотод болсон арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд орж болох дасгал дээр туслагчаар ажилласан. Сайн дурын ажилтнаар ажилласан юм.


А.Цэцэнбилэг: Даалгаваруудыг ойлгосон учраас багшид туслаад,  шүгэл үлээгээд л. Яаж хийхийг нь харуулсан. 

- Цэкү том болоод ямар мэргэжилтэй болох юм? 
А.Цэцэнбилэг: Банкны захирал 

- Банкны захирал болохын тулд ямар хичээлдээ сайн байх ёстой вэ? 
А.Цэцэнбилэг:
Мат /shuud.mn: математик/ 

-Чи математиктаа сайн уу ? 

А.Цэцэнбилэг: Аанхаа 

–Эрдука ямар хүн болох вэ ? 

А.Эрдэнэбилэг:  Би том болоод ажил хийдэг хүн болно оо. 

-Ямар ажил хийдэг болох вэ ? 
 

А.Эрдэнэбилэг: Компьютертэй 

- Чи компьютер сайн мэдэх үү ? 
А.Эрдэнэбилэг: Сайн

–Компьютер тоглож байна уу ? 
А.Эрдэнэбилэг: Тоглоно оо. 

–Өдөрт хэр удаан тоглож байна? 
А.Эрдэнэбилэг:  Нэг цаг л тоглоно 

- Ангийхан чинь ер нь чамд ямархуу ханддаг вэ? Сайн ханддаг уу , муу ханддаг уу? 
А.Эрдэнэбилэг: Сайн ханддаг 

- Багш нь ямар ханддаг вэ? 
А.Цэцэнбилэг: Багш сайн ханддаг. 

-Цэкү, та хоёр гадаа тоглох үед Эрдукаг ингээд хүмүүс дээрэлхэх эсвэл муухай хандах тохиолдол байх уу ? 
А.Цэцэнбилэг: Байхгүй 

- Та хоёр онцлогтой хүүхдүүдтэй танилцаад, туслаад ирсэн. Харин том том ах эгч нар нь ийм хүүхдүүдэд яаж ханддаг байгаасай гэж чи боддог вэ? Онцлогтой найзууд нь сайхан амьдрахын тулд том ах эгч нар нь юу хийх ёстой юм бол? 

А.Цэцэнбилэг: Туслах ёстой 

-Одоо туслаж байгаа ах эгч нар хэр их байх шиг байна? 
А.Цэцэнбилэг:  Их байгаа. 

–Эрдука юу гэж бодож байна? Тусладаг хүмүүс зөндөө байна уу?
 

А.Эрдэнэбилэг: Зөндөө байдаг

-Чи найзуудтайгаа юу хийдэг вэ? 
А.Эрдэнэбилэг:Цэкүтэй, найзуудтайгаа хамт тоглодог. 


-Найзуудтайгаа яаж тоглодог вэ? 
-Тоглоом тоглоно 

-Ямар тоглоом ? 

А.Цэцэнбилэг: Хэлмээргүй байна 

- Нууц тоглоом юм уу? Том хүмүүст хэлж болохгүй тоглоом юм уу тэ? 
А.Цэцэнбилэг: Тийм 

Г.Нямпагма: Би сургуулиа төгсөөд аутизмтай хүүхдүүдийн цэцэрлэгт ажиллаж байсан юм. Тэр үед манай хоёр /shuud.mn: ихэр ах дүүс болох А.Цэцэнбилэг, А.Эрдэнэбилэгийг хэлж байна/ манай ангид сурдаг байсан юм. Тухайн үед манай ангид 10 хүүхэд байсан. Яг тогтмол ирдэг нь найман л хүүхэд. Манай хоёр ангийн онц сурлагатнууд байсан юм. Цэцэрлэгийн ангид явж байсан хүүхдүүдийн тал нь энгийн сургуульд, үлдсэн нь тусгай сургуульд орсон. Манай хоёр болохоор энгийн сургуульд орсон юм. 


–Аутизмтай хүүхдүүд аль нэг талаар их авьяастай байдаг гэж сонссон, энэ үнэн үү? 


Г.Нямпагма: Яаж хөгжүүлэхээс л шалтгаална. Аутизм чинь дотроо их олон төрөл. Өндөр зэрэглэлийн аутизм ч бий. Хүнтэй ойлголцоход муу хэрнээ маш сайн зураг зурдаг, тоо боддог, эсвэл маш сайн хөгжим тоглодог хүүхдүүд бий.  Эсвэл аль нэг спортод сайн байдаг. Ямар нэг зүйл дээр гоц сайн мөртлөө яг хүмүүстэй харилцах тал дээр учир дутагдалтай байх нь ч бий.

Хүүхэд бүр харилцан адилгүй, яг сонирхлыг нь олоод, түүнийг нь хөгжүүлэх тал дээр ажилбал сайн. Манай ангид одон гарагт дуртай хүүхэд байлаа. Би тэр хүүхдээр зурлага зуруулах гэхээр ерөөсөө болдоггүй, үзэг бал барихгүй,  шидчихдэг байсан юм. Тэгэхээр нь од гарагийнх нь хэлбэрийг гэрэлтүүлж, цэглэж, холбож зурахаар болгоод ширээн дээр нь орхичихсон чинь их гоё зурчхаж байгаа юм.

Тэр хүүхдэд чадвар байсан, харин би яаж зуруулах учраа л олохгүй байсан хэрэг. Зөв арга олж, хэрэглэхгүй л бол хүүхдийнхээ чадварыг олж гаргах нь хүндрэлтэй байдаг. Тиймээс хүүхдийн  дуртай зүйл нь юу вэ гэдгийг олоод зөв аргаар ажиллавал хүүхдийн чадвар нь илэрч, илүү сайн хөгжих боломжтой.

 
- Танай байгууллага, Тусгай олимпын хороотой хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ? 


Г.Нямпагма: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээх засах төв бол  эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээг хавсран үзүүлдэг төв. Хүүхдүүд эмчилгээндээ орохоосоо гадна боловсролын үйлчилгээ авдаг . Спортын эмчилгээ гээд олон үйлчилгээ байна. Эдгээр эмчилгээний хөтөлбөрүүд Тусгай олимпын хөтөлбөртэй холбоотойгоор явагдаж байдаг. Тиймээс Тусгай олимпын хороо, спортын клубууд, манай байгууллага нягт уялдаа холбоотой ажилладаг юм. Бид эмнэлэгийн үйлчилгээ явуулахаас гадна, боловсролын үйлчилгээ,тэр дундаа бие бялдрыг хөгжүүлэх, бялдараар дамжуулаад нийгэмшүүлэх, спортоор дамжуулаад нийгэмшүүлэх хүртээмжтэй тэгш оролцуулах нөхцлийг бүрдүүлэхийн тулд ажилладаг. Түүнчлэн ээж аавуудад урам зориг өгөх, хүүхдийг зорилготой болгох, чадваруудыг нь  сайжруулахын тулд Тусгай олимпын хороотой байнга, салшгүй холбоотой ажилладаг юм. Бидний хамтын ажиллагаа бусдад оюуны онцлогтой хүүхдүүдийг спортоор дамжуулаад хөгжүүлж болдог, спортоор дамжуулж нийгэмшүүлж болдог гэдгийг нийгэмд харуулж байгаа. Заавал спорт байх ч албагүй, жишээ нь манай Эдука хөгжимд дуртай . Чи хэвээрээ юу? 


А.Эрдэнэбилэг- Хэвээрээ 

Г.Нямпагма: Өөрийнх нь дуртай зүйлээр дамжуулаад, жишээ нь гитар тоглодог бол гитараар дамжуулаад хүмүүстэй харилцах байдлыг нэмэгдүүлэх нь чухал. Хүүхэд алдартай гитарчин болох, эсвэл тэр гитараар дуу сайн дардаг болох нь чухал биш. Хамгийн чухал нь дуртай зүйлийг нь ашиглаад тэднийг нийгэмрүү оруулах. Гитар сонирхдог хүүхдийг гитарын дугуйланд явууллаа гэхэд бусадтай танилцана, найзууд болно, хүүхдүүдийн хүрээлэлд орно. Энэ л чухал. 

А.Эрдэнэбилэг


-Онцлогтой хүүхдүүдийн талаар төдийлөн мэдэхгүй хүмүүст хандаж юу хэлэх вэ? 


Г.Нямпагма: Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлийг биеэр амсаагүй, эсвэл онцлогтой хүүхдүүдийн талаар огт мэддэггүй хүмүүс олон бий. Хөгжлийн бэрхшээл хэзээ ч хэний ч амьдралд, ямар ч төрлөөр илэрч болно. Хүүхэд төрөхдөө өөрчлөлттэй гарч болно. Эсвэл төрсний дараа ямар нэг гэмтлээс болоод бэрхшээлтэй болж ч болно.

Хөгжлийн бэрхшээл хэзээ ч, хэнд ч учирж болно. 


Хоёрдугаарт, та хүүхдээ сургуульд явуулахад сургуульд чинь ямар нэгэн ялгаатай хүүхэд байдаг бол тэрийг сайн ойлгуулж, одооноос сайн дэмжих хэрэгтэй. Та хүүхэдгүй бол энэ нийгмийг бүрдүүлэхэд, онцлогтой хүүхдүүдийг хөгжихөд тусалж дэмжиж болно. Санхүүгээр ивээн тэтгэж чадахгүй байж болно, харин үүний оронд сайн дурын ажилд хувь нэмрээ оруулж болох байхгүй юу. Онцлогтой нэг хүүхэдтэй хамт арга хэмжээнд оролцоод, түүнийг дэмжээд өгч болно. 


Онцлогтой хүүхдүүдэд чиглэгдсэн арга хэмжээг дэмжих нь маш чухал. Учир нь та энэ чиглэлийн арга хэмжээг дэмжсэнээр танай хүүхэдтэй энэ нийгэмд хөл нийлүүлэн алхах тэр хүүхдүүдэд маш том боломжийг олгож байгаа юм шүү. Онцлогтой хүүхдүүдэд тэдний ирээдүйг та бүтээж өгч байгаа юм. 


Онцлогтой хүүхэд хүүхдийнх нь ангид байгааг харсан зарим ээж аав “яагаад манай хүүхдийн ангид байгаа юм, гаргаач, манай хүүхэд сурахад хүндрэлтэй байна” гэсэн эсэргүүцэл гарах тохиолдол байсан. Харин одоо энэ байдал харьцангуй өөрчлөгдөж байна. Гэхдээ илэрхийлэхгүй ч дотроо ийм бодолтой байгаа хүмүүст хэлэхэд онцлогтой хүүхэд танай хүүхдийн ангид байгаа бол битгий цааргалаарай. Харин сайн дэмжээрэй, яаж найзлаж туслах вэ гэдгийг хүүхдүүддээ зааж өгөөрэй. Түүнчлэн бүх орчинд бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүртээмжтэй орох орчныг бүрдүүлэх нь бас их чухал. Жишээ нь, бид сая тэргэнцэртэй 26 настай Баатарзоригт гээд тамирчинтай явсан юм. Тэр хүний хувьд орчныг нь бүрдүүлээд өгвөл ямар ч саадгүйгээр нийгмийн амьдралд оролцоод явдаг. Бид  Өмнөговьд очоод ресторанд ортол, гаднаа налуу замтай байгаа юм.Налуу замтай ч яг тэр замаар яваад ордог хаалгаа цоожилчихсон, тэгээд бид тамирчнаа шатаар өргөөд оруулсан юм. Харин маргааш нь ирсэн чинь цоожтой байсан хаалгыг онгойлгочихсон байсан.

Эндээс харахад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ гараад нийгмийн харилцаанд орохгүй байгаа болохоор нийгэм өөрөө зарим талаар хүртээмжтэй байлгах нөхцөлийг бэлдчихсэн хэрнээ яаж ашиглахаа мэдэхгүй байгаа юм.

Биднийг тэр ресторанаар нэг удаа үйлчлүүлэхийг харсан ажилтнууд нь дараа биднийг ирэхэд хаалгаа онгойлгочихсон, цоожилсон байвал биднийг ирэхэд шууд гүйж ирээд онгойлгож байсан. 


Тэргэнцэртэй залууд саад бэрхшээл алга, харин тэр хаалга цоожтой байгаа нь л өөрөө саад болдог. Саад бэрхшээл тэр хүнд биш харин бидний орчин, бидний ойлголтод л байгаад байна. 
 

SHUUD.mn: Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари Клуб, Мобиком Корпораци ХХК хамтран “Боломжийг бүгдэд” төслийг хэрэгжүүлж байгаа аж. "Хэнийг ч ардаа үлдээхгүй" уриатай Монголын Тусгай Олимпын хорооны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа энэхүү төсөл арга хэмжээ нь Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн халамжийн мэргэжилтэн, багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, бие биеэсээ туршлага судалж, Ирээдүйн Тусгай Олимпын тамирчдыг бэлтгэх зэрэг олон талын зорилго, ач холбогдолтой аж.  “Боломжийг бүгдэд” төсөл говийн бүсээс гараагаа эхэлж, говийн бүсийн дөрвөн аймаг болох Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийг хамарсан  үйл ажиллагаа 2022 оны гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгадад хотод амжилттай зохион байгуулагдсан. Боломжийг бүгдэд олгосон энэхүү сургалт, арга хэмжээ Зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг хамруулан гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай болж өнгөржээ. Төслийн багийнхан орон нутагт амьдардаг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спорт, сургалтаар дамжуулж хөгжүүлэх, тэдгээрийг нийгэмшүүлэх, нийгэмд зөв хандлага бий болгохыг ийнхүү зорьсон  байна. 


“Боломжийг Бүгдэд” сургалт, арга хэмжээнд дээрх аймгуудын нийгэм халамжийн мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцсан нийгмийн ажилтан, тусгай сургуулийн багш нар, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид гээд нийт 250 гаруй хүн хамрагдаж хоёр өдрийг эцэг эх, багш нар мэдлэг мэдээлэл  олж авсан бол хүүхэд залуус спортоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлж, инээд хөөр аз жаргалаар дүүрэн өнгөрүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд Хангайн болон төвийн бүсийг зорихоор төлөвлөж байгаа аж. Тиймээс хүртээмжтэй нийгмийг бий болгох энэ үйлсэд хүн бүрийн оролцоо чухал тул хувь хүн, албан байгууллага дэмжин оролцохыг уриалж байна. 

Тусгай олимпын хорооны "Боломжийг бүгдэд" төсөлд оролцох хүсэлтэй хувь хүн, байгууллага Тусгай олимпын хорооны Фейсбүүк дэх албан ёсны хуудас Special Olympics Mongolia болон 70142780, 99149782 утсуудаар холбогдох боломжтой. 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
сурагч:
энхамгалан хүүхэд цэвэр бичих албагүй гэж хэлсэн.дууриаж яахнав дээ???!!!!балай юм.
2022-04-11