Сүхбаатарын талбай дээр үнийн өсөлтийг эсэргүүцэж гурав дахь хоногтоо залуус жагсаж байна. Ингэхдээ тэд "Монголдоо сайхан амьдармаар байна. Үнийн өсөлтийг бууруул. Өр зээлгүй амьдралд хүрэлцсэн цалинтай эх орондоо сайхан амьдармаар байна" хэмээх уриа лоозон барьсан байв. Тэд эх оронч, эв нэгдэлтэй жагсав. Үзэл бодлоо илэрхийлэхээр цугласан залуус ажлаасаа чөлөө аваад ирсэн, ажилгүй, ажлаа таслаад ирсэн зэрэг тайлбарыг өгч байлаа. Тэд Төрийн ордонг тойрч алхаж, төрийн түшээдэд дуу хоолойгоо хүргэхийг зорьж байв. Улмаар оройн 18.00 цагаас хойш жагсагчдын тоо олшров. Өөрөөр хэлбэл, залуус ажлаа тараад үзэл бодлоо илэрхийлэхээр Сүхбаатарын талбайд цугларав. Тэд хамтдаа Төрийн дууллаа дуулж, үүр цайтал жагсана хэмээлээ.
Гэвч Ардчилсан улс орны залуус үзэл бодлоо тайван замаар илэрхийлж буй үед цагдаагийн албан хаагчид зөвшөөрөлгүй биед нь хүрч, бороохойгоор цохиж, чирч, баривчилж буй дүрс бичлэг нь цацагдлаа. Улмаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар өөрийн цахим хуудаснаа лайваар мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр, Миний бие цагдаагийн байгууллагын удирдлагуудад үзэл бодлоо илэрхийлж буй залуучуудын аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл өгсөн. Ардчилсан улс төрийн тогтолцоотой оронд үзэл бодол, үгээ хэлэх эрх нь нээлттэй байх ёстой. Бухимдлаа илэрхийлэх эрх нь ч нээлттэй байх ёстой. Эрхээ эдэлж буй залууст хүндэтгэлтэй хандаж байгаа. Миний бие зургаан цагийн үед залуусын шаардлагыг хүлээж авсан. Талбай дээр очиж шаардлага хүлээж авснаа илэрхийлсэн. Залуусын тавьсан долоон шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд ажлын хэсэг гаргаж, миний биеийг ахалж ажилла гэсэн. Залуусдаа хандаж хэлэхэд, үзэл бодлоо илэрхийлэх улстөрийн эрхээ эдлэх нь зөв. Гэхдээ төрийн ордны хаалгыг эвдэж орно, үндсэн хуулийн бус засаг төрийн эрхийг өөрчилнө гэх үйлдэл нь буруу шүү. Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуус жагсаалд оролцож байгаа нь буруу..." гэв.
Тэд залуусын эрх, аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр гэмтээж, эрх чөлөөг нь хязгаарлав. Үзэл бодлоо илэрхийлэх эрх тэдэнд бий.
Уншиж байна |