Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тухайн сургуулийн сэтгэлзүйч хэвлэлийн хурал хийж байна.
Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг “...Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 16 бүлэг 55 багш ажилчидтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуулийн захирлын нөхөр орос хэлний цагийн багшаар ажилладаг. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдөр хичээлийн цагаар тус сургуулийн сурагчид биемахбодийн хүчирхийлэл үзүүлсэн. Тодруулбал, цохиж, өшиглөсөн. Хүүхдийн өмд урагдсан ба газар хэвтэж байгаад ангиас уйлаад гараад явсан байна. Үүнийг ангийн хүүхдүүд гэрчилдэг.
Хүүхдүүд хэлэхдээ “үеийн хүнтэйгээ зодолдож байгаа юм шиг зодсон. Бид айсан. Өмнө нь зодож байсан. Биднийг их хүчтэй нясалдаг” гэсэн. Учир шалтгааныг ангийн сурагчдаас асуухад, сурагчийн ширээн дээр сандал байсан. Сурагч цүнхээ авах гэж байгаад сандлыг санаандгүй унагаасан. Сандал унагааснаас болж багш уурлаж, зодсон гэж хэлсэн. Хүүхдийн ээж хэлэхдээ “Хүүхэд маань уйлсаар гэртээ орж ирсэн. Асуутал, орос хэлний багш зодсон гэж хэлсэн. Хүүхэд халуурсан. Дахиж хичээлдээ явахгүй гэсэн. Улмаар сурагч гуравдугаар сарын 09-нөөс гуравдугаар сарын 25-ныг хүртэл хичээлдээ ирээгүй. Үүнээс тав хоног нь акттай. Үлдсэн хоногийг хичээл тасалснаар бүртгэсэн ирцийн бүртгэл байдаг.
Хүүхдийн ээж сургуулийн захиралтай уулзах үед “захирал танай хүүхдийн буруу. Эмчилгээний зардалд 40.000 төгрөг шилжүүлнэ. Харин чи, миний нөхрөөс уучлалт гуйгаарай гэж хэлсэн байдаг. Улмаар хаан банкны дансаар 40.000 төгрөг шилжүүлсэн нь байсан. Тухайн үед хүүхдийн ээж айсан. Тиймээс уучлалт гуйсан гэдэг. Дээрх үйл явц болох үед миний бие акттай байсан. Гуравдугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирэхэд ангийн хүүхэд нь мэдэгдсэн. Ингээд хохирогч хүүхдийн гэрт очсон. Ингээд ярилцсаны дүнд хүүхэд хичээлдээ явсан.
...Энэ үйл явцаас харахад шударга ёс алдагдаж, хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан бусдын эрхзүйн байдлыг дордуулж, хүнлэг энэрэнгүй ёс алдагдаж, амиа хичээсэн бусдыг хайрлах зүрх сэтгэлийн боловсролгүй үйлдэл гэдэг нь тодорхой харагдаж байна.
Тиймээс бодит нөхцөл байдлыг үндэслэн Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захиралд ажлын хариуцлага тооцож өгнө үү" гэж мэдээлээд эсэргүүцлээ үсээ хусаж илэрхийллээ.
М.Насан
Уншиж байна |