Эрүүгийн цагдаагийн албанаас цахим аюулгүй байдал, хулгайлах, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдал, онцлог хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн "Эцэг эхчүүд цахим гэмт хэргийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг, хүүхэд залуусын цахим хэрэглээнд хяналт тавьж чаддаггүйгүйгээс бага, дунд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн болон биемахбодийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Жишээлбэл, Монгол Улсын иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч хаяг үүсгэж, бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт бага болон өсвөр насны нийт 84 охинтой танилцан, харилцаа тогтоож, чатлах явцдаа тухайн охидыг айлгаж, ятгах гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгүүлэн авч, улмаар уулзаж, барьцаалан айлган сүрдүүлж, заналхийлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгасан. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргээр удаа дараа яллагдсан этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдлийг илрүүлсэн. Сүүлийн үед уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд нь хүүхдүүдийн хувийн мэдээллийг дан ганц бэлгийн хүслээ хангах бус ашиг олох зорилгоор бусдад худалдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Гэмт хэрэг үйлдэгдэх үе шатыг жишээ байдлаар дурдвал, гаж этгээд нь шинээр бага насны эрэгтэй хүүхдийнх гэмээр фэйсбүүк хаяг нээнэ. Шинээр нээсэн цахим хаягаа ашиглаж, охид руу найзын хүсэлт илгээж чат бичнэ. Уг байдлаар харилцаж, бага насны охидын зураг бичлэгийг авснаар заналхийлж эхэлнэ. Иймд цахим орчинд үл таних хүнд өөрийн зураг бичлэгийг явуулахгүй байх, цахим хаягийн нууц үгийг бусдад хэлэхгүй байхыг анхааруулж байна" гэж мэдээллээ.
Г.Мичид
Уншиж байна |