Залуусын төлөөлөл үнийн өсөлт болон авлига, албан тушаалын хэргийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд “Сандалтай суулт” зохион байгуулж байгаа. Ингэхдээ залуус өөрийн хүсэлтээр ирж жагсаалд нэгдэж байгаа юм. Тэгвэл иргэдийн төлөөллөөс "Эх орондоо сайхан амьдрахын тулд юу хэрэгтэй байна" гэх асуултад хариулт авлаа.
Бид өдрийг аргацааж амьдарч байна
Нийслэлийн иргэн Б.Мөнхбаяр:
-Ажлын байртай, амьдралд хүрэлцээтэй цалинтай амьдармаар байна. Хөдөлмөрийг минь үнэлдэг бол эх орныхоо төлөө хичээж ажиллана. Гэтэл тийм боломж алга. Өдрийг аргацааж амьдарч байна. Би гурван эмэгтэй дүүтэй. Дүү нартаа ийм ирээдүй үлдээмээргүй байна. Дүү нартаа, ээж аавдаа тус нэмэр болж чадахгүй байна. Арай ядан өөрийгөө болгож байна.
Би эх орондоо хангалуун сайхан амьдармаар байна
Нийслэлийн иргэн С.Сайнбаяр:
-Бид аав ээжийнхээ үеийнхнээс үлдсэн нийгэмд амьдарч байна. Гэхдээ үр хүүхдүүддээ ийм нийгэм үлдээмээргүй байна. Гадны улс оронд ажиллаж амьдармаагүй байна. Би эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөж хангалуун сайхан амьдармаар байна. Хүүхдүүд маань амар амгалан, аюулгүй эх орондоо амьдрах хэрэгтэй. Иргэд сонгуульд хоосон ходоодоороо санал өгмөөргүй байна.
Цалин амьдралд хүрэлцэхгүй байна
Нийслэлийн иргэн Х.Мөнхбат:
-Эх орондоо сайхан амьдармаар байна. Цалингаа нэмэгдүүлмээр байна. Нэмэгдсэн цалинг гар дээрээ бүрэн авмаар байна. Бараа бүтээгдэхүүний үнийг буулгах хэрэгтэй. Ажиллаад цалин авч байгаа хэдий ч амьдралд хүрэлцэхгүй байна. Эх орондоо ажилламаар байв ч хөдөлмөрийг минь үнэлэхгүй байна.
Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна
Нийслэлийн иргэн:
-Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажлын байр, сайн цалинтай бол эх орондоо маш сайхан ажиллаж амьдармаар байна. Залуус гадагшаа явж байна. Улс эх орон эзгүйрлээ. Эх орондоо сайхан амьдрах нөхцөл боломжийг бий болгож өгөөч. Ингэж чадвал ямар ч ажлыг голохгүй ажиллаж чадна.
Иргэдийн цалинг нь зохих түвшинд хүргэх хэрэгтэй
Нийслэлийн иргэн Г.Тэмүүжин:
-Монгол залуус гадны улс оронд ажиллаж, амьдрахыг хүсч байна. Энэ нь үнийн хөөрөгдөл, бага цалин, орчин нөхцөл зэргээс болж байна. Би 21 настай. Энэ жил их сургуулиа төгсөнө. Сургуулиа төгсөөд ажиллахад цалин бага. Амьдралд хүрэлцэхгүй. Улс төрчид шийдвэр гаргагчид томоохон үйлдвэр бүтээн байгуулалтыг барьж, хийж хэрэгжүүлмээр байна. Ажлын байр бий болгоод цалинг нь зохих түвшинд хүргэх хэрэгтэй.
М.Насан