Б.Батболд: Улаанбаатар төмөр зам компани талбайн түрээсийн үнийг 14000 хувиар нэмэгдүүлсэн
2022-04-06

 

Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийж байна.

 

SOUTHGATE компанийн гүйцэтгэх захирал Б.Батболд “Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих талбайд гурван жилийн өмнөөс 11.4 га газар талбайд нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 

Гаалийн хяналтын бүс гэдэг нь өөрийн гэсэн хашаа, харуул хамгаалалттай. Экспортод гарах гэж байгаа ачаа барааг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийхэд нь туслах үйл ажиллагаа явуулдаг.

 

Нурмаг ачаа гэдэг нь экспортод гарч байгаа задгай ачаа буюу нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг үйл ажиллагаа явуулдаг. Ер нь өнөөдрийн нөхцөлд Улаанбаатар төмөр замыг дагасан уул уурхайн бүтээгдэхүүн хэрхэн явагдаж байна вэ гэхээр аль нэг уурхайгаас олборлоод аль болох хамгийн ойрхон өртөө лүү зөөж, вагонд ачаад Эрээн хот руу гарах эсвэл Замын-Үүдээс шилжүүлэн ачигдаад Эрээн хот руу гарах гэсэн хувилбараар явж байгаа. Тэгэхээр манай үйл ажиллагааны чиглэл нь вагоноор ирсэн нүүрс Замын-Үүдэд ирэхээр нь вагоноос нь буулгаад автомашинд нь ачиж өгөх юм.

 

...Улаанбаатар төмөр замаас бидэнд албан бичиг ирсэн. Түрээсийн нэг м.кв үнэлгээг 50 төгрөг байсныг 7000 төгрөг болгож буйг мэдэгдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээгээ цуцлана гэсэн. Нурмаг ачаа их хэмжээгээр экспортод гардаг. Талбай их хэмжээгээр шаарддаг. Тиймээс манайх 11.4 га газар түрээсэлдэг. Энэ нь 114 мянган метр квадрат талбай.

 

Өмнө нь сард 13 орчим сая  төгрөгийн түрээс төлдөг байсан бол одоо зөвхөн газрын түрээсэндээ 798 сая төгрөг төлөх болоод байна. Үүнийг бид орчин үед бизнесүүдийг дээрэмдэх дээрэм юм болов уу гэж хүлээж авч байна.

 

Үнэ нэмэгдүүлснээ тайлбарлах хүсэлт явуулахаар төмөр замын зүгээс “2009 оноос хойш сүүлийн 13 жилийн хугацаанд  инфляц 147 хувиар өссөн. Тиймээс түрээсийн үнэлгээндээ өөрчлөлт оруулаагүй. Тиймээс одоо зах зээлийн хуулийн дагуу үнэлгээнд оруулж байна” гэсэн. Манай компани 2018 оноос хойш талбай түрээсэлж байна. Манай талбайн түрээс 14000 хувиар нэмэгдэж болохгүй. Бид учраа олохгүй байна.

 

...Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлнэ. Түрээсийн зардлыг 147 хувиар өсгөж болно. Харин 14000 хувиар өсгөхөөр ямар ч компани үйл ажиллагаа явуулж чадахгүй" гэж мэдээллээ .

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин