Ш.Анхбаяр: Биднээс жаахан л өөр, онцлогтой хүмүүсийг ойлгож харилцах хэрэгтэй
2022-04-06

Монголын Тусгай Олимпын хорооноос хэрэгжүүлж буй “Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд хувь хүн, байгууллагуудын тус, дэмжлэгтэйгээр онцлогтой хүүхдүүдийг тэгш хамруулан оролцуулах зорилготой төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, эхний цогц арга хэмжээгээ Говийн бүсийн дөрвөн аймаг, Зүүн бүсийн гурван аймагт зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байв. 


Б.Ганболд: Нийгэм оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг бусдын адил хүн гэж харж чаддаггүй

Энэ сургалт, спортын цогц арга хэмжээнд анх удаа оролцож, дэмжин ажилласан “Монголын спортын корпораци”-ийн спорт хариуцсан захирал Ш. Анхбаяр, менежер Э.Эрдэмзултай уулзан, онцлогтой хүүхдүүдтэй ажилласан сэтгэгдэл, туршлагаас нь сонслоо. 


SHUUD.mn:  Дорнодод болсон арга хэмжээнд анх удаа оролцсон гэж сонслоо. 


Ш.Анхбаяр: Манай Монголын спортын корпораци төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж,  спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд  Монголын Тусгай олимпын хороотой хамтран ажилладаг юм. Спортын 15 хороо нэгдэж, 10 өдрийн турш зохион байгуулсан Холбоодын нэгдсэн аваргуудыг шалгаруулах тэмцээн манай компанийн анхны төсөл байлаа. Энэ арга хэмжээний үеэр бид “тэгш оролцоо хүртээмжтэй байдал”-ыг бий болгох үүднээс Монголын Тусгай олимпын хороотой хамтран ажиллаж, тусгай хэрэгцээт болон оюуны бэрхшээлтэй  хүүхдүүдийн дунд тусгай хэрэгцээнд багтдаг 3 төрлийн спортоор бас улсын аваргуудыг тодруулсан юм.


Э.Эрдэмзул: Энэ үеэр ширээний теннис, Бочи, заалны хоккей, паралимпийн төрөл болох тэргэнцэртэй сэлмийн аварга шалгаруулах тэмцээн болж, үүн дээр Тэргэнцэртэй сэлмийн холбоотой хамтарч ажилласан. Мөн Тусгай олимпын хорооны  200 гаруй хүүхэд оролцсон юм. 


Ш.Анхбаяр: Манай компани байгуулагдаад нэг жил болох гэж байна, стартап компани юм. Бид дэлхийн стандартын спортыг Монголд, Монголын спортыг дэлхийд. Дэлхийн спортын хөгжлийг Монголд, Монголын спортын хөгжлийг Дэлхийд гэсэн ийм уриатай ажиллаж байна. 

-    Та хоёр  хөгжлийн бэрхшээлтэй, онцлогтой хүүхдүүдийн талаар төдийлөн мэддэггүй байсан гэсэн. "Боломжийг бүгдэд" төслийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцохоос өмнөх бодол сэтгэгдэл ямар байв? Оролцсоны дараа ямар бодол хандлагатай болов? 


Э.Эрдэмзул: Энэ удаагийн цогц арга хэмжээнд оролцохоос өмнө оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар төдийлөн мэддэггүй байсан л даа. Тэгээд бид Холбоодын УАШТ дээр Монголын Тусгай олимптой хамтран ажиллаж байсан. Сая “Боломжийг бүгд” төсөл дээр илүү тулж ажилласан гэж хэлж болох юм. Эцэг эх нь семинарт оролцож байх үеэр Анхбаяр семинар дээр, би ард нь, хүүхдүүдтэй ажиллах зэргээр тусалж, ажиллаж байсан. Энэ үеэр онцлогтой хүүхдүүдтэй анх удаа ажилласан. Хүндрэл их байсан. Хүүхдүүдтэй ажиллах арга барил дутагдаад байсан гэх үү дээ. Хүүхдүүд ээжийгээ дуудна, зарим нь ярьж чадахгүй гээд зан байдлын хувьд бүгд л өөр өөр. Эндээс миний анзаарсан нэг зүйл нь ямар ч  бэрхшээлтэй байсан гэсэн, нийгэм дундаа ороод нийгэмшээд ирмэгц хүүхдүүд огт өөр болдог юм байна лээ. Анх уулзахад чөоөөтэй харилцаж чадахгүй, өөр өөр зан байдал гаргаж байсан хүүхдүүд цагийн дараа гэхэд л бүгдээрээ хамт тоглоод, нэг хамт олон болоод, дундаа ороод, нэг үгээр нийгэмшиж эхэлж байгаа нь анзаарагдсан.

Миний бодлоор бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн энгийн хүүхдүүдээс ялгарахгүйгээр, олон нийттэй харьцаад, нийгэмд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж, бие даан амьдарч бүрэн чадах юм шиг санагдсан. Энэ удаагийн арга хэмжээнд оролцсон нь миний хувьп нүдийг минь  нээсэн туршлага болсон л доо. Өмнө нь бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар мэддэггүй байсан бол одоо илүү ойлголт, ухамсартай болсон. 

Зүүн бүсийн аймгуудад зохион байгуулагдсан сургалт, семинарын үеэр 

Ш.Анхбаяр: Миний хувьд “Боломжийг бүгдэд” төсөлтэй хамтрах, Тусгай олимпын хорооны үйл ажиллагааг мэдэж, танилцахаас өмнө оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар бас л ямар ч ойлголтгүй байдаг байсан. Дауны синдром,  аутизм гэдэг үгсийг сонсож байсан ч ямар утга учиртай, ямар бэрхшээлийг,  яг ямар ялгаатай байдлыг хэлээд байгааг төдийлөн мэддэггүй л байсан юм. 


Өөр төрлийн бэрхшээлүүд байдаг. Хүмүүс хараад шууд мэдэхээр. Ийм хүмүүсийг нийгэм ойлгодог, анхаарал тавьдаг, төрөөс ч гэсэн дэмжлэг их байдаг. Гэтэл оюуны энэ ялгаатай байдал, оюуны ийм бэрхшээлтэй хүүхдүүд байдаг мэдээлэл маш ховор байдаг байсан. Мэдэхгүй байсан. Бид байтугай эцэг эхчүүд ч өөрсдөө энэ талын ойлголт муутай байдаг. Харин энэ дутагдалтай талыг засах зорилготой “Боломжийг бүгдэд” төсөл Монгол Улсын алслагдсан зүүн хязгаар, өмнөд хязгаар гээд орон даяар явж, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд сургалт, семинар зохион байгуулж, ялгаатай байдал, бэрхшээлийн талаар ойлголт өгч, хүүхдүүдийг ингэж нийгэмшүүлэх хэрэгтэй, оролцоотой байлгах хэрэгтэй гэдгийг таниулан ойлгуулах зорилгоор мэдээлэл өгч, сургалт явуулж байгаа юм.

 

Энэ ажлыг Тусгай олимпын хороотой хамтраад Монголын Дауны холбоо, Аутизмын холбоо, төрийн бус байгууллагууд, тухайн аймгуудын засаг даргын тамгын газар зохион байгуулж, төрийн оролцоо орж байгаа юм. Мобиком, Монголын спортын корпораци, Тэнгэр телевиз гэх мэт хувийн хэвшил ч хамтарч, дэмжлэг үзүүлж байна.

 
Энэ удаагийн арга хэмжээнд оролцсоныхоо дараа олон байгууллага нийлээд ингээд нэг юм хийвэл, хүмүүсийн мэдэхгүй байгаа байдлыг засаж арилгаж чадах юм байна, бид хүмүүст мэдээлэл хүргэж чадах юм байна гэсэн ойлголттой болсон доо. 
“Боломжийг бүгдэд” төсөл шиг ийм арга хэмжээ илүү олноор, ганц хоёр бүсэд биш Монголыг тойроод өргөн цар хүрээнд зохион байгуулагдвал ялгаатай байдал арилах, бусад хүмүүс хувь оруулах боломжтой болох байх гэсэн бодолтой эргэж ирсэн. 


Харин хувь хүний хувьд ямар ойлголттой ирсэн бэ гэвэл, өмнө нь ийм хүүхдүүдийн талаар мэддэггүй байлаа. Мэдээд, ойлгоод эхлэхээр гэмших сэтгэл төрдөг л юм байна лээ. Одоо жишээ нь гудамжинд хавар намар болоод л, хүмүүс “ингээд шизотой хүмүүс гараад иржээ, галзуу хүмүүс гараад иржээ” гээд л байдаг. Бид ерөөсөө л хүнийг гаднаас нь хараад дүгнэдэг байсан.

Биднээс жаахан л өөр, онцлогтой л хүмүүс шт. Тэд цаанаасаа л ингээд төрчихсөн, зарим нь бүр эдгэрэшгүй өвчинтэй. Үүнийг бид ойлгож харилцах ёстой. Тэдэнтэй тулж ажиллаж байгаа хүмүүсээр хязгаарлагдахгүй нийгэм мэдээсэй, хүлээж аваасай , ойлгоосой энэ төслүүдийг дэмжээд хамтран зохион байгуулаасай гэсэн бодолтой ирсэн. 


-    Онцлогтой хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулахад санхүүжилт их томоохон асуудал болдог гэж сонссон. Үүний шалтгаан нь юу юм бол, таны бодлоор? 

Э.Эрдэмзул:  Нийгэмд онцлогтой хүүхдүүдийн талаар огт мэдэхгүй яг бид хоёр шиг хүмүүс маш их байгаа. Тэд хүсээгүйдээ биш ойлголтгүй, мэдэхгүйдээ л онцлогтой хүүхдүүдэд чиглэгдсэн арга хэмжээнүүдэд хөрөнгө оруулах, ивээн тэтгэх боломжгүй байгаа байх. Тиймээс бид нийгэмд энэ талаар илүү их мэдээлэл, хүргэж, ухамсрыг бий болгох хэрэгтэй. Ийм хүмүүс байдаг, ялгах хэрэггүй гэх мэтээр мэдээллийг зөв талаас нь хүргэх нь чухал. Зөв талаас нь мэдээллийг хүргэх нь маш чухал.

Мөн оюуны бэрхшээлтэй хүүхдүүд байдаг, тэд бусдын адил хүсэл тэмүүлэлтэй зорилготой, олон улсын тавцанд ч бусадтай эн зэрэгцэн зогсдог гэдгийг ойлгуулах нь чухал байх. Онцлогтой хүүхдүүд оролцдог олон улсын тэмцээн уралдаан олон бий. Би ч гэсэн өмнө нь мэддэггүй л байлаа. Гол нь мэдээллийг илүү өргөн цар хүрээтэй өгдөг болчихвол ойлгоогүй, мэдээгүй явсан хүмүүс мэддэг болж, тэр хэрээр тусалж, дэмжих нь ч нэмэгдэх байх. 


Ш.Анхбаяр: Паралимп, тусгай олимп бол яг адилхан спорт. Гэхдээ Тусгай олимпын хувьд гол нь оролцоо. Хүүхдүүд оролцож байгаа нь чухал. Ялах, өрсөлдөх нь чухал биш. Спортоор дамжуулж хөдөлгөөний дутагдлаас сэргийлье, нийгэмшүүлье, найз нөхөдтэй болгоё, спортоор дамжуулж энэ хүүхдүүдийн нийгмийн тулгамдаж байгаа хэрэгцээнүүдийг нь хангая гэсэн зорилготой.

Товчхондоо бол өрсөлдөөд, медаль авах нь чухал биш. Гол нь тэр тэмцээнд оролцох нь л чухал.

Зүүн бүсийн аймгуудад болсон сургалт, семинарын үеэр


 

- Энэ ярилцлагыг уншаад, ийм газартай хамтраад үздэг ч юм уу гэж бодож байгаа байгууллага, хувь хүмүүст хандаж та хоёр юу хэлэх вэ? 


Э.Эрдэмзул: Бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэгдсэн арга хэмжээнд оролцсоноор маш том туршлага, мэдлэг олж авна. Бид саяны арга хэмжээний үеэр Амарболд гэдэг хүүтэй танилцсан. Дауны синдромтой хүү. Тэр үнэхээр хөгжилтэй, дуулах дуртай, бүжиглэх дуртай, тэмцээн уралдаанд явна, яг л өөрийнхөөрөө л байдаг.

Яг түүн шиг хүн бүрт өөрийн дуртай зүйл, сонирхдог чиглэл байгаа, нийгэм чинь маш олон төрөл, харилцан адилгүй хүмүүсээс бүрдэж байдаг шүү дээ. Бидэнтэй л адил онцлогтой, ялгаатай хүүхдүүдтэй ажиллавал тэднийг ойлгож, бусдад энэ ойлголтоо түгээхэд амар байх болов уу. 


Ш.Анхбаяр: Компанийн ашиг тус гэхээсээ илүү нийгэмд үзүүлэх гэрэл гэгээ түгээж байгаа гэдэг  байр сууринаас харахад , нийгмийн оролцоо хариуцлагын хүрээнд энэ тэнд гурил будаа тарааж явч байснаас бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэгдсэн арга хэмжээнд оролцож, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, тэднийг ялгаварлан гадуурхах байдлыг арилгахад хувь нэмрээ оруулвал бид энэ нийгмийг улам гэрэлтүүлж чадах байх. 


Э.Эрдэмзул: Энэ талаар өөрсдөө мэдэрсэн хүмүүс илүү оролцоотой байдаг. Мэдрээгүй хүмүүс бол угаасаа мэдэхгүй болохоор оролцоо нь бас маш бага байдаг гэж сонсож байсан. 


-    Онцлогтой хүүхдүүдтэй хамтарч ажилласан өөр туршлагаасаа хуваалцаач? 


Э.Эрдэмзул: Бид тухайн арга хэмжээнд оролцож байх үеэрээ хоорондоо ярьж байсан юм, аутизмыг эрт таньж, оношлуулах тал дээр учир дутагдалтай байна аа гэж. Хүүхдүүдээ багад нь ямар байгааг олон эцэг эх анзаардаггүй өнгөрчихдөг. Хэлд орохгүй байна гэж явсаар байгаад сүүлд нь олж мэддэг жишээний. Хүүхэд нь заавал аутизмтай байгаа гэж хэлээд байгаа юм биш л дээ, гэхдээ эцэг эхчүүд энэ талаар ер нь мэддэг байх хэрэгтэй юм билээ. Ямар шинж тэмдэг илэрч байгааг мэдэх хэрэгтэй. Ойлголттой байж, эрт оношлоод, эрт анхаарал тавиад явах нь зөв юм байна гэж ойлгосон. Мөн энгийн хүүхдүүдэд ч энэ талын ойлголт өгөх хэрэгтэй гэж боддог. Дараа нь онцлогтой хүүхдүүдтэй харьцахад илүү амар байх юм болов уу.


Ш.Анхбаяр: Онцлогтой хүүхдүүдийг нийгмээс тусгаарлачихаад байна. Тусдаа өөр хүмүүс юм шиг л. Бидний хүрээлэл биш юм шиг. Энэ хандлага нь сүүлийн үед бас өөрчлөгдөөд нийгэмд оруулж, хүлээн зөвшөөрөөд ийм хүмүүс байдаг гэдгийг мэдээд байдаг болсон. Гэтэл дахиад л нийгэм дотроо жижигхэн бөмбөлөг үүсгээд, дахиад л тэднийг тусгаарлаад байна. Бүгдээрээ тэр бөмбөлгөө хагалчихъя, хүмүүс ээ. Бүх хүмүүс өөр өөр байдаг онцлогтой байдаг . Тэгш оролцоотой байя. Төрөл бүрийн бэрхшээлтэй хүн байлаа ч гэсэн бүгд л энэ нийгмийг бүтээгээд явж байна. Тиймээс хэн нэгнийг тусгаарлаад байх шаардлагагүй ээ. Тэр хүмүүст тусгаарлалт биш дэмжлэг, мэдээлэл байх хэрэгтэй. 

 

SHUUD.mn: Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари Клуб, Мобиком Корпораци ХХК хамтран “Боломжийг бүгдэд” төслийг хэрэгжүүлж байгаа аж. "Хэнийг ч ардаа үлдээхгүй" уриатай Монголын Тусгай Олимпын хорооны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа энэхүү төсөл арга хэмжээ нь Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн халамжийн мэргэжилтэн, багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, бие биеэсээ туршлага судалж, Ирээдүйн Тусгай Олимпын тамирчдыг бэлтгэх зэрэг олон талын зорилго, ач холбогдолтой аж.  “Боломжийг бүгдэд” төсөл говийн бүсээс гараагаа эхэлж, говийн бүсийн дөрвөн аймаг болох Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийг хамарсан  үйл ажиллагаа 2022 оны гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгадад хотод амжилттай зохион байгуулагдсан. Боломжийг бүгдэд олгосон энэхүү сургалт, арга хэмжээ Зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг хамруулан гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай болж өнгөржээ. Төслийн багийнхан орон нутагт амьдардаг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спорт, сургалтаар дамжуулж хөгжүүлэх, тэдгээрийг нийгэмшүүлэх, нийгэмд зөв хандлага бий болгохыг ийнхүү зорьсон  байна. 


“Боломжийг Бүгдэд” сургалт, арга хэмжээнд дээрх аймгуудын нийгэм халамжийн мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцсан нийгмийн ажилтан, тусгай сургуулийн багш нар, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид гээд нийт 250 гаруй хүн хамрагдаж хоёр өдрийг эцэг эх, багш нар мэдлэг мэдээлэл  олж авсан бол хүүхэд залуус спортоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлж, инээд хөөр аз жаргалаар дүүрэн өнгөрүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд Хангайн болон төвийн бүсийг зорихоор төлөвлөж байгаа аж. Тиймээс хүртээмжтэй нийгмийг бий болгох энэ үйлсэд хүн бүрийн оролцоо чухал тул хувь хүн, албан байгууллага дэмжин оролцохыг уриалж байна. 

Тусгай олимпын хорооны "Боломжийг бүгдэд" төсөлд оролцох хүсэлтэй хувь хүн, байгууллага Тусгай олимпын хорооны Фейсбүүк дэх албан ёсны хуудас Special Olympics Mongolia болон 70142780, 99149782 утсуудаар холбогдох боломжтой. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин