Сурвалжилга: Хүүхдүүд цэцэрлэгийн хоолондоо цадахгүй байна
2022-04-06

 

Лхагва гарагийн мэнд. Гадаа дулаарч цаг агаар тогтуун байна. Хаврын урт өдрүүд үргэлжилж, хэн бүхэн ажилдаа шамдана. Коронавирус цар тахлын бонустай хаврын өдрийн уртыг даван туулахын тулд шим тэжээлтэй хүнсээр хооллож, дархлаагаа дэмжих шаардлагатай. Тэгвэл цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 2700 төгрөгөөр дөрвөн удаа хооллох ёстой. Мах, ногоо хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ үед 2700 төгрөгөөр хооллох бус өл залгуулна. Тэгвэл дундаж зайрмагны өртгөөр шим тэжээлтэй өдрийн хоол бэлтгэх даалгавар авсан цэцэрлэгүүд үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар сурвалжиллаа.

 

Манай сурвалжлах баг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4,9,18 дугаар цэцэрлэгээр орлоо.

 

Эхний зогсоол. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг. Цэцэрлэгийн эрхлэгч хуралд явжээ. Харин цэцэрлэгийн тогооч мэдээлэл өгөхөөс татгалзав.

 

Дараагийн зогсоол. Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг. Бид цэцэрлэгийн эрхлэгчээс зөвшөөрөл авч дотогш нэвтэрлээ.

 

Хүүхдүүд хоолондоо цадахгүй байна гэх гомдол ирдэггүй

 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Нарантуяа:

 

-Манай цэцэрлэг нь  240 хүүхэд суралцуулах хүчин чадалтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар нийт 10 бүлгийн 356 хүүхэд статистик мэдээнд бүртгэлтэй байгаа. Төвийн цэцэрлэг учраас ачаалал ихтэй.

 

Цэцэрлэгийн гал тогоонд нийт  дөрвөн хүн ажилладаг. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2700 төгрөг. Өглөөний цай 9 цаг 15 минутад өгдөг. Өдөр I хоол. Өдрийн унтлагын дараа буюу 15.30 цагт II хоол өгдөг. Хоолноос хаягдал гардаггүй.  Коронавирус цар тахлын энэ үед хүүхдүүдийн дархлааг дэмжсэн, амин дэмээр баялаг хоол хүнс өгөхийг зорьж байна. Долоо хоног бүр хоолны менюгээ шинэчилдэг. Өөрөөр хэлбэл, өдөрт өгөх хоол давтагддаггүй. Хүүхдүүд  хоолондоо цадахгүй, өлсөж байна гэх гомдол ирдэггүй. Гэхдээ гэртээ удаан хугацаанд байсан хүүхдүүд цэцэрлэгт суралцаж, цагаар хооллохоор эхний хэдэн хоногт өлсөх мэдрэмж төрдөг.

 

Манай цэцэрлэг Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газраас хоолны материалаа авдаг. Долоо хоногт хоёр удаа хоолны материалаа татаж авдаг.  Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Эцэг эхчүүдээс мөнгө хурааж, цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх талаар ярилцаж  байгаа ч тодорхой шийдвэр  гараагүй байна. Хэрэв хүүхдийн хоолны мөнгийг нэмвэл илчлэг сайтай хоол хүнс өгөх, хүүхэд өлсөнө гэсэн асуудал гарахгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн болохоор хүүхдийг хангалттай цатгах боломжгүй байна.

 

Мөн манай цэцэрлэг эцэг эхчүүдэд зориулж хүүхдийн өдрийн хоолны “амталгаа” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй

 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн Бэлтгэл бүлгийн багш Ж.Наранчимэг:

 

-Манай цэцэрлэгт нийт 226 хүүхэд бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар 126 хүүхэд ирсэн байна. Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгө 2640 төгрөг.

 

  • 9.00 цагт: Өглөөний цай. Үүнд хийцтэй цай, сүүтэй будаа зэргийг өгдөг.

  • 11.30 цагт Багш нар хүүхдүүдэд шингэн уух зүйлс өгдөг.

  • 12.30 цагт: Өдрийн I, II  хоол. I хоол гурилтай шөл, ногоотой шөл, будаатай шөл зэрэг хоол багтана.

  • II хоолонд порцны хоол болон ширхэгийн хоол. Ширхэгийн хоолонд хүүхдүүд цаддаггүй.

  • 15.00 цагт: Өдрийн цай. Цайтай нэг ширхэг үйлдвэрийн боорцог.

 

Миний хувьд цэцэрлэгт 36 жил ажиллаж байна. Хүүхдүүд өглөө 08.00 цагт цэцэрлэгтээ ирээд 18.00 цагт тарж байна. Цэцэрлэгээ тараад гэртээ харих гэж удна. Энэ хугацаанд хүүхдүүд өлсдөг. Хүүхдүүд ногоотой хоол идэх дургүй. Тиймээс тогооч нар маань хүүхдүүдэд ногоо идүүлэхийн тулд олон янзаар хэрчиж өгдөг. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй. Тухайлбал, манай бэлтгэл бүлгийн хүүхдүүд хөдөлгөөнтэй. Тиймээс хоолондоо цаддаггүй. 

 

 

Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхнасан “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 71 цэцэрлэг, 8 сургуульд цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоол болон сурагчдын үдийн цайны 106 нэр төрлийн хүнс бүтээгдэхүүн нийлүүлдэг.

 

Бид тендерээр нэг жилийн хугацаатай хүнс нийлүүлэх гэрээ байгуулдаг. Тиймээс аль болох бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт оруулахгүйгээр нийлүүлэхийг хичээдэг. Манайх бараа бүтээгдэхүүн импортлохгүй, экспортлохгүй, үйлдвэрлэхгүй. ААН-үүдтэй гэрээ хийж бүтээгдэхүүн авдаг. Өөрөөр хэлбэл, ААН-үүд ОХУ-аас бараа бүтээгдэхүүн оруулж ирээд манайд нийлүүлдэг. Ингэхдээ нийлүүлж буй бүтээгдэхүүний 55 хувь нь дотоодын бүтээгдэхүүн байдаг. 

 

ОХУ болон Украины дайны асуудалтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тендерийн гэрээний тусгай нөхцөлд үнийн тохируулгыг хоёр удаа хийж болно гэсэн заалттай. Тиймээс гэрээний нэг жилийн хугацаанд үнийг хоёр удаа өөрчлөх боломжтой гэсэн үг.

 

Нийлүүлэгчийн үнэ өөрчлөгдсөн тохиолдолд л бид бүтээгдэхүүний үнэ өөрчилдөг. Нийлүүлэгчээс ирж буй үнэ өөрчлөгдөөгүй байхад бид үнэ өөрчлөхгүй. Өнөөдрийн байдлаар цагаан будаа болон бусад будааны төрлийн бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн.  Цагаан будааны агшилт, чанар зэргийг харгалзан үзэж авдаг. Одоогийн байдлаар Вьетнам будаа нийлүүлж байгаа. Ойрын өдрүүдэд будааны нийлүүлэлтэд асуудал үүсч байгаа" гэлээ. 

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин