Үнийн өсөлтийг эсэргүүцэж 18 настай оюутан Б.Бүжинлхам жагсаж байна.
МУБИС-ийн I курсийн оюутан Б.Бүжинлхам “Манай үеийнхэн бүгд гадагшаа явж амьдрах хүсэлтэй болсон. Гэхдээ би хэзээ ч тийм бодолтой байгаагүй. Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ маш их өслөө. Өдөрт 100, 100-аар нь нэмж байна. Үүнээс болж Монгол Улсад амьдрах хүсэл минь буурч байгаа. Үнийн хөөрөгдлөөс болж Монгол Улсад амьдрахад хэцүү байна.
Анх сургуульд элсэн ороход сургалтын төлбөр маань 2.3 сая төгрөг байсан. Гэтэл гэнэт 400.000 төгрөгөөр нэмэгдсэн. Ээж маань 2018 онд 600.000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо хүртэл нэмэгдээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй байна. Цалин нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэнэ. Бид ийм нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Өөрсдөө тэмцэж, жагсахгүй бол удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Манай улс 76 сая малтай. Гэтэл 500 гр сүүг 2000 төгрөгөөр худалдан авч байна. Арай дэндүү байна. Гадагшаа гарч амьдрахыг хүсэхгүй байгаа учраас энд зогсож байна" гэж мэдээллээ.
М.Насан