Улаан-Үд чиглэлийн нислэг техникийн саатлын улмаас зогсжээ
2022-04-01

 

"Хүннү Эйр" компани тодорхойгүй хугацаанд Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхгүй. Энэ талаар "Хүннү Эйр" компани гуравдугаар сарын 30-нд албан ёсны цахим хуудсаараа дамжуулж  мэдэгдэл гаргажээ. 

 

"Дэлхий нийтийг хамран тархсан шинэ төрлийн коронавирус COVID-19 цар тахлын үр нөлөө буурч эхэлсэнтэй холбогдуулан ОХУ Монгол улстай агаарын хилээ 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс нээж, манай компани Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгээ 12 сарын 07-ны өдрөөс үйлдэж эхэлсэн билээ.

 

Барууны орнуудаас ОХУ-д олон төрлийн хориг тавьж тэр дундаа ОХУ-ын агаарын зайд олон улсын давхар даатгал үйлчлэхгүй болсон тул манай агаарын хөлгүүд ОХУ-д нислэг үйлдэх боломжгүй болсон боловч бид өөр агаарын хөлгийг түрээслэн энэ чиглэлийн нислэгийг үргэлжүүлэн үйлдэж байсан.

 

Гэвч өнөөдрөөс эхлэн техникийн шалтгааны улмаас цаашид тодорхойгүй хугацаагаар нислэг үйлдэх боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

 

Төлөвлөгдөж байсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигчдын төлбөрийг шуурхай буцаан олголт хийх ба нийт зорчигчиддоо хүндрэл учруулсандаа гүнээ хүлцэл өчиж байна" гэжээ. 

 

 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин