Пүрэв гарагийн мэнд. Чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртсэн Батбаярын Намбардагватай ярилцлаа. Тэрбээр, Улсын начин Дугардоржийн Батбаярын хүү бөгөөд Японы "Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг байна.
Сайн байна уу? Юуны өмнө танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байцгаана уу, Баярлалаа. Маш их баяртай байна.
Чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд хэдэн тамирчин өрсөлдсөн бэ?
-Миний жинд нийт 44 тамирчин өрсөлдсөн.
Спортын маш олон төрөл байна. Яагаад чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болов?
-Жүдо бөхийн спортоор 12 настайгаасаа эхлэн хичээллэж эхэлсэн. “Алдар” спорт хороонд бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Харин чөлөөт бөхөөр Япон улсад ирж хичээллэсэн. Өөрөөр хэлбэл, 12-16 нас хүртлээ жүдо бөхийн спортоор хичээллээд Япон улсад ирээд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
Анх 2019 оны хоёрдугаар сард Япон улсад суралцахаар ирсэн. Монголд байхдаа 115 дугаар сургуульд сурдаг байлаа. Миний суралцаж байгаа ахлах сургууль нь Японы ахлах сургуулиуд дундаа дээгүүр эрэмбэлэгддэг. Анх сургуулийнхаа талаар мэдээлэл аваад, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, шийдвэр гаргаад суралцахаар ирсэн. Энэ дашрамд Япон улсад суралцахад тусалсан н.Баяраа ахдаа болон н.Цэгмэд эгчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Жүдогоос чөлөөт бөх рүү ороход юу нөлөөлсөн бэ?
-Миний суралцаж буй Японы ахлах сургууль жүдо биш, зөвхөн чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. Тиймээс Япон улсын ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахын тулд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэсэн үг. Мөн Монгол Улсад бэлтгэл сургуулилт хийхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Сургууль бэлтгэлийн газар хоёр маань хол учраас хичээлээ тараад бэлтгэлдээ яваад орой гэртээ ирэхэд хүндрэлтэй. Тиймээс Япон улсад суралцах боломжийг алдахыг хүсээгүй.
Чөлөөт бөхөөр хичээллэхэд хэцүү зүйл байсан байх?
-Анх чөлөөт бөхөөр хичээллэхэд маш хэцүү байсан. Япон улсад суралцах эхний жил хэлний мэдлэг байхгүй. Өдөр бүр бэлтгэл хийнэ гээд л олон хэцүү зүйл байсан. Одоо бол дассан.
Цаашид чөлөөт бөхийн спортоороо үргэлжлүүлэн хичээллэх үү?
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэх боломж нээлттэй бий. Гэхдээ миний хувьд сумо эсвэл чөлөөт бөх гэсэн сонголттой байгаа. Яг аль төрлөөр нь цаашид өөрийгөө хөгжүүлж хичээллэж явахаа сайн шийдээгүй байна.
Танай сургуульд хэдэн монгол сурагч суралцдаг вэ?
-Манай сургуульд одоогоор надаас өөр Монгол сурагч байхгүй байна. Өнгөрсөн жил нэг монгол сурагч төгсөөд явсан.
Тэмцээн уралдаанд оролцохдоо сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Манай сургууль спортын сэтгэлзүйч болон эмчтэй. Долоо хоног бүр тамирчидтайгаа уулзаж, ярилцдаг. Мөн багш маань бидний хийсэн бэлтгэл бусад сургуулийн тамирчдаас хэд дахин илүү учраас өөртөө итгэ гэдэг. Тиймээс бэлтгэлээ сайн хийсэн учраас амжилттай байна гэж тэмцээндээ оролцдог.
Өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
-Миний өдрийн хуваарь ерөнхийдөө ойлгомжтой байдаг. Өглөөний бэлтгэл, хичээл, оройн бэлтгэл. Өдөрт дунджаар 4-5 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг юм байна.
Япон улсдаа үргэлжлүүлэн их дээд сургуульд суралцах уу?
-Тэгнэ. Үргэлжлүүлэн суралцана. Японд сонирхож буй их сургууль байгаа.
Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
-Манайх ам бүл тавуулаа. Манай аавыг Улсын начин Дугардоржийн Батбаяр гэдэг. Ээж маань багш. Би айлын дунд хүүхэд. Багаасаа аавынхаа барилдахыг харж өссөн болохоор спортод маш их дуртай. Гэр бүлийнхэн маань бүгд спортоор хичээллэдэг. Биднийг спортоор хичээллэхэд аав маань нөлөөлсөн./инээв/
-Эх орондоо хэзээ ирэх вэ? Гэрээ санаж байна уу?
-Эхний жил маш хэцүү байсан. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг. Одоо бол дассан. Япон найзуудтай болсон. Тиймээс гэрээ санах нь гайгүй байна.
Дэлхий дахинаа цар тахалтай тэмцэж байна. Япон улсын коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ гуравдугаар сарын эхээр Японы дотоодын халдвар нэмэгдсэн. Харин сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол буурч байна. Хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад нийгмийн харилцаанд оролцож байна.
Чөлөөт бөхөөр хичээллэхээр зорьж байгаа дүү нартаа зөвлөгөө өгөөч?
-Бүх хүнд боломж бий. Хамгийн гол нь тууштай байгаарай гэж хэлмээр байна. Өөрийгөө хууралгүй хийсэн бэлтгэл амжилтын үндэс болдог.
Г.Мичидмаа
Уншиж байна |