Пүрэв гарагийн мэнд. Итали улсын Тревисо хотод зохион байгуулагдах 14 дэх удаагийн олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцох Хил хамгаалах байгууллагын 0224 дүгээр ангийн дуу бүжгийн чуулгын залуу уран бүтээлч Ч.Есөнхандтай ярилцлаа
Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу, Намайг Чимэд-Очирын Есөнханд гэдэг. ОХУ-ын Москва хот дахь П.И. Чайковскийн нэрэмжит Цетральная Музыкальная Школа болон Монгол Улсын Консерваторт суралцаж төгссөн. Мэргэжлийн төгөлдөр хуурч. Миний хувьд 18 дахь жилдээ төгөлдөр хуураар хичээллэж байна. Энэ хугацаанд АНУ-ын таван мужаар өөрийн аялан тоглолтыг хийсэн. Мөн Итали, Испани, Франц, Герман зэрэг улсуудад эх орноо төлөөлөн тэмцээнд оролцож, I,II,III –р байранд шалгарч байсан амжилттай. Одоогоор Хил хамгаалах байгууллагын 0224 дүгээр ангийн дуу бүжгийн чуулгат ажиллаж байна.
Та Итали улсын Тревисо хотод зохион байгуулагдах олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм билээ. Тэмцээндээ хэзээ явах вэ?
-Тиймээ, эх орноо төлөөлөн мэргэжлийн төгөлдөр хуурчдын тэмцээнд оролцох гэж байна. “CITTA DI TREVISO” тэмцээн маань дөрөвдүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Итали улсын Тревисо хотод зохион байгуулагдана. Энэ сарын 26-нд нисэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ амжих эсэхээ хэлж мэдэхгүй юм. Учир нь санхүүгийн асуудалтай тулгарч байна.
Өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо шаардлагатай зардлыг хувиасаа гаргаж оролцдог байсан. Гэвч энэ удаа боломжгүй байна. Монгол Улсын тэргүүлэх зэргийн 100 гаруй компани руу санхүүгийн дэмжлэг хүссэн, хамтарч ажиллах хүсэлт илгээсэн боловч 10 компани нь дэмжлэг үзүүлэхээс татгалзсан хариу илгээсэн бол 90 гаруй компани нь ямар ч хариу илгээгээгүй.
Харин “Premier tailor” компани тэмцээнд оролцох болон байрлах газрын зардлыг ивээн тэтгэж байгаа. Маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Та Соёлын яаманд хандсан уу?
-Соёлын яам, Ч.Номин сайдад дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүсэлт илгээсэн. Гэвч Соёлын яамнаас “Энэ жилийн төсөв батлагдсан. Санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх боломжгүй. Зөвхөн бичиг баримтын асуудалд туслах боломжтой” гэсэн хариу илгээсэн. Мөн Ч.Номин сайд биечлэн уулзах боломжгүй гэсэн.
Ингээд “МИАТ” ТӨХК-д Итали улс руу ирж очих хоёр талын нислэгийн зардлыг ивээн тэтгэж, хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтийг Соёлын яамнаас илгээсэн. Гэвч одоогоор тодорхой хариу өгөөгүй байна.
ОХУ болон Украин улсын дайнтай холбоотойгоор манай улсаас долоо хоногт нэг удаа Франкфурт руу нислэг үйлдэж байгаа юм билээ. Энэ долоо хоногийн нислэг нь гуравдугаар сарын 26-нд байсан. Уг нислэгт амжиж явахгүй бол тэмцээндээ оролцож чадахгүй болоод байна. Тиймээс хоёр хоногийн хугацаанд зардал мөнгөө шийдэх хэрэгтэй. Тэмцээндээ оролцож чадахгүй бол гэсэн бодол эргэлдээд маш их бухимдаж байна. Мөн “МИАТ” надтай ёс зүйтэй харилцахгүй байгаад нь харамсаж байна.
Бэлтгэл сургуулилтаа хаана базааж байна вэ?
-Тэмцээнд оролцох гэж байгаа учраас өдөрт найман цагаас багагүй хугацаанд бэлтгэл хийх шаардлагатай. Гэвч эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэсэн боловч хэн ч дэмжихгүй байна. Харин ч дорд үзэх юм. Багшийг маань Б.Орхон гэдэг. Багш маань маш их ажилтай учраас төдийлөн хамтдаа бэлтгэл хийх боломжгүй. Тиймээс хувиараа бие дааж бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Гэхдээ мэргэжлийн бэлтгэлийн заал, тэнхим байхгүй. Гэртээ давтдаг.
М.Насан
Уншиж байна |