НМХГ: Нийслэлийн үерийн эрсдэлтэй бүсэд 3227 айл суурьшиж байна
2022-03-23

 

НМХГ-аас Барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Он гарсаар НМХГ-т нийт зургаан осол бүртгэгдсэн. Үүнээс 5 хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол бол нэг нь лифттэй холбоотой осол байна. Тухайн ослууд Зөрчлийн тухай хуулиараа цагдаад бүртгэгдээд, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид ажил үүргийн хүрээнд оролцоод явж байгаа. Он гарсаар НМХГ-аас мэргэжлийн холбогдох байгууллагуудад бүх чиглэлийн зөвлөмж хүргүүлсэн.  Нийт 2800 гаруй лифт эзэмшигч байгууллага, 696 лифт ашиглагч, эзэмшигч иргэн, ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 260 барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч аж ахуй нэгжид зөвлөмж, мэдэгдэл хүргүүлсэн.

 

НМХГ-т оны эхний гурван сарын байдлаар нийт 1644 албан бичиг, 806 өргөдөл гомдол ирсэн. Үүнээс барилгатай холбоотой 132 өргөдөл, гомдол байсан. Улмаар гомдлын дагуу хуулийн хүрээнд хяналт шалгалт гүйцэтгэж, 14 аж ахуй нэгж, 5 иргэнд 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

 

Мөн орчны аюулгүй байдлыг хангуулах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. Энэ хүрээнд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй,  барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжид, тухайн барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн.

 

Нийтийн эзэмшлийн талбай дээр орц, гарц хаасан гомдлууд ирдэг. Үүнтэй холбоотой нийт 12 өргөдөл гомдол ирлээ. Хяналт шалгалтын ажил хийгдэж, албан шаардлага хүргүүлсэн.

 

Шар усны үертэй холбоотой холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.Үерийн эрсдэлтэй байршлуудыг судалсан. Улаанбаатар хотын хэмжээнд 1825 байршилд газар олголт хийгдсэн. Энэ нь үерийн эрсдэлтэй газрууд байна. Мөн 3227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан. Тус айлуудыг өмчлөлийн эрхтэй байна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин