Ирэх дөрөвдүгээр сарын 02-нд Монгол хэл, бичгийн шалгалт улс орон даяар зохион байгуулагдана. Ингэхдээ босго оноо нь 400 байх бөгөөд Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн шалгуулагч ЭЕШ өгөх боломжтой юм. Тэгвэл тус шалгалтын зохон байгуулалт, шалгалтын агуулга зэрэг асуудлын талаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар хэдэн хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна вэ?
-Энэ хичээлийн жилд ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг нийт 33053 сурагч төгсөж байна. Үүнээс Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдах талаар судалгаа авахад 2525 хүүхэд шалгалтад орохгүй гэж мэдээлсэн. Ингээд тооцвол энэ онд 30528 хүүхэд Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр байна. Мөн өмнөх онд төгссөн 6500 шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалт өгнө. Нийт 37000 шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад өгөхөөр байна. Улсын хэмжээнд 49 шалгалтын байранд шалгалт авна. Үүнээс 25 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт байна.
Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авах уу?
-Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа зохион байгуулна. Босго оноо нь 400 байна. Эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 02-нд зохион байгуулах бол дахин шалгалтыг тавдугаар сарын 07-нд авна. Монгол хэл, бичгийн шалгалтын ирэх сарын шалгалтад босго онооны болзол хангаагүй болон эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгч амжаагүй хүүхдүүдээс дахин шалгалт авна.Тавдугаар сард зохион байгуулах шалгалтад шалгуулагчид дөрөвдүгээр сарын 13-наас эхэлж бүртгүүлэх боломжтой.
Монгол хэл, бичгийн шалгалтын даалгаврын агуулга ямар байх вэ? Урд урдны жилүүдийнхээс өөрчлөлт орох уу?
-2014 онд Хэл зохиолын хүрээлэнтэй зөвшилцөж, дөрвөн агуулгаар Монгол хэл, бичгийн шалгалт авч байхаар тогтсон.
Нэгдүгээрт, Уншиж, ойлгох чадвар
Хоёрдугаарт, Крилл бичгийн зөв бичихийн дүрэм
Гуравдугаарт, Монгол бичгийн унших чадвар
Дөрөвдүгээрт, Эх зохион найруулан бичих чадвар гэсэн дөрвөн агуулгын хүрээнд авна.
Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг хэзээ зарлах вэ?
-Шалгалтын материалыг тусгайлан бэлдсэн багш нар засдаг. Тиймээс тодорхой хугацаа шаардана. Ингээд дөрөвдүгээр сарын 13-нд шалгалтын дүнг зарлана.
Монгол хэл бичгийн суудлын хуваарь зарлагдсан уу?
-Суудлын хуваарийг өнөөдрөөс БҮТ-ийн албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой.
Монгол хэл бичгийн шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын өмнө шалгуулагчдаас коронавирус халдварын шинжилгээ шаардах уу?
-Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсан. Тиймээс шалгалтад орж байгаа хүүхдүүдээс PCR шинжилгээ, коронавирусийн халдвараар өвдөөд эдгэсэн гэх бичиг шаардахгүй. Гэхдээ шалгалтад орж буй шалгуулагчид халдвар хамгааллын дэглэмээ хувь хувьдаа баримтлах ёстой.
Г.Мичид
Уншиж байна |