Хөгжлийн банктай холбоотой 41 хэрэг прокурорт хянагдаж байна
2022-03-22

 

Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд “Хөгжлийн банктай холбоотой хэрэг мөрдөх байгууллага дээр хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 41 хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа. Уг 41 хэрэгт нийт 74 аж ахуй нэгж холбогдон, шалгагдаж байна. Нийт 2 их наяд 383 тэрбум төгрөгийн зээл хууль ёсны дагуу олгогдсон эсэх, эргэн төлөлт, холбогдох хүмүүс албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, мөнгө угаалт зэрэг гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа  явагдаж байна.

 

Мөрдөн байцаалт явуулж байгаа Хөгжлийн банкны 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон, шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтан байгаа. Харин үлдсэн 8 нь аж ахуй нэгжийн удирдлага, албан хаагч байна. Эдгээр хүмүүс нь дээр дурдсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн үг.

 

Эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад Хөгжлийн банк болон аж ахуй нэгжтэй холбоотой 11 хүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хориулаад байна. Хөгжлийн банкид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор зарим хязгаарлалтыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл,  61 иргэний 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Арилжааны банкууд дахь 104 харилцах болон хадгаламжийн дансыг хязгаарласан. Мөн 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарласан. Энэ үйл ажиллагаа нь Хөгжлийн банктай холбоотой зээлийн асуудал хууль ёсны эсэх, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан зэрэг нь шүүхээр гэм буруу нь тогтоогдвол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан үйл ажиллагаа юм.

 

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад одоогийн байдлаар 107 тэрбум 360 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Харин одоо 2 их хаяд 275 тэрбум төгрөгийн хохирол төлөгдөх ёстой" гэж мэдээллээ. 

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин