Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.
Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.5 хувийн биелэлттэй байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. 2022 онд нийслэлийн хэмжээнд төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үүрэг өгсөн. Гуравдугаар сард нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө амжилттай биелж буй ч хоёрдугаар сарын хувьд Багахангай дүүргээс бусад дүүргийн төсвийн орлого тодорхой хувиар тасалдсан байна.
Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 441 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 295 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагджээ. Энэ ажил нийслэлийн хэмжээнд 66.8 хувийн хэрэгжилттэй байна. Энэ нь өмнөх 14 хоногоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, чөлөөлсөн газарт тохижилтын ажил зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зам, замын барилга байгууламжийн трасст өртсөн 31 байршилд газар чөлөөлөхөөр болсон. Сургууль, цэцэрлэгийн 22, инженерийн шугам сүлжээний долоо, бусад 13 байршлын 73 хөрөнгө оруулалтын ажилд 2380 нэгж талбарын газрыг чөлөөлөх юм. Газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих боломж бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу нэгдүгээр эгнээг таглан зогссон 2251 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үерийн далан суваг, гэр хорооллын гудамж, замын цэвэрлэгээ, хайс хашлага, хогны сав, сандал, хөшөө дурсгал угаах ажлуудыг амжилттай өрнүүлсэн. Шар усны үерээс сэргийлэх хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тодорхой байршилд халиа тошинг голдиролд оруулах, далан шуудуу татах зэрэг ажил хийсэн байна.
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анхаарал татаж буй асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Коронавирусийн халдварын тоо харьцангуй багасаж, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж. Энэ нь нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн 15-18 хувьтай тэнцэж байна. Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр л гэхэд яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.
Нийслэлчүүдийн 54 хувь нь коронавирусийн дархлаа сэргээх III тунд хамрагдсан бол IV тунд 6.3 хувь нь хамрагджээ. Мененгит өвчин өмнөх долоо хоногт гарсан хоёр тохиолдлоос өөр нэмэгдээгүй гэдгийг хэллээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 60 хувьд хүргэнэ
Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин:
-Байгальд ээлтэй цахилгаан автобус оруулж ирэх тооцоо, судалгааг хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажиллалаа. Нийтийн тээврээс энэ жилдээ 569 автобус хасагдахаар байгаа. 2022-2024 оны хэмжээнд энэ тоо 1063-т хүрнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа. Нийтийн тээврийн газраас цахилгаан автобусны угсраа, давхар, их багтаамжийн, дунд оврын автобус гэсэн дөрвөн чиглэлээр техник үзүүлэлтийг гаргаад байна.
Цахилгаан автобус нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг бэлэн болгох шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд, алслагдсан цэгүүд дээр цэнэглэгч байршуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг тооцож байгаа. Энэ жилийн хувьд 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.
Цаашдаа нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөр тутамд 124 чиглэлд 1432 автобус үйлчилгээнд гарч байж иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2022 онд 60 хувьд, 2023 онд 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
Хотын төвд нэмж өндөр барилга бариулахгүй
Нийслэлийн хэмжээнд Гэр хорооллыг орон сууцжуулах, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах гэсэн хоёр төсөл хэрэгжиж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгааг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар тодотгож байлаа.
Тэрбээр үргэлжлүүлэн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд хэрэгжиж байна. Их, Бага тойруу, 40, 50 мянгатын хуучны 3-5 давхар барилгуудыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд тендер зарладаг ч аж ахуйн нэгжүүд ордоггүй. Учир нь дээрх барилгуудыг буулгаад 6-7 давхар барилга барих зураг төсөлтэй. Гэтэл аж ахуйн нэгжүүд багадаа 16 давхар, цаашлаад 20-24 давхар барилга барих сонирхолтой байдаг. Тиймээс тендерийг 20-30 удаа зарлаад аж ахуйн нэгж орж ирээгүй талбаруудад тухайн орон нутгийн орон сууцны асуудал хариуцсан байгууллага оролцож болохуйц өөрчлөлтийг журамд оруулахаар болж байна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Гэзгийн худаг, Сонгинохайрхан дүүргийн гурван байршил багтаж байгаа” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай:
-Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд барилга барьж буй болон өргөх техник ашиглагч байгууллагуудын хэмжээнд хяналт тавьж ажиллалаа. Он гарснаас хойш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван иргэний амь нас хохирсон. 2020 онд 139 хүн, 2021 онд 114 хүн амь насаа алдсан байдаг. Тиймээс барилгын үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг өргөх байгууламж бүхий байгууллагууд, барилга угсралтын компаниудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод долоон төрлийн 15.967 өргөх байгууламж ашиглагддаг гэсэн юм.
Эдгээр мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга бариулахгүй гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн бүх төрлийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, татвартай холбон ажиллахыг санууллаа.
Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
-2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажиллах
Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;
Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх;
Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх;
Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнах;
-Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
-Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах.
-Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
-Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах.
-Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах,
-Ногоон байгууламж байгуулах газруудын байршлын талаар санал боловсруулж, нутаг дэвсгэртээ ногоон байгууламж байгуулах газрын төлөвлөлт хийхийг дүүргүүдийн Засаг дарга нарт.
-Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ногоон байгууламж бүхий орчин байгуулах төлөвлөлт, явган зам, дугуйн замын тооцоолол хийх, тохижилтын ажлыг Улаанбаатар хотын ард иргэдэд нээлттэй танилцуулах
-РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах, Энканто хотхон орчимд явган хүний замтай болгох, Уран ган ХХК-ийн голын эрэг рүү түрж эзэмшсэн газрын эрхийг цуцлах зэрэг үүргийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өглөө.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР