Монголын хамгийн анхны эмэгтэй жокей Б.Түмэннаст
2022-03-21

 

Даваа гарагийн мэнд. Монголын хамгийн анхны эмэгтэй Жокей Баатарын Түмэннасттай ярилцлаа. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж, өссөн бөгөөд одоогоор Дархан-Уул аймгийн Орхон суманд мал маллаж амьдардаг аж.

 

Сайн байна уу? Таны морин спортоор хичээллэх болсон түүхээр хоёул ярилцлагаа эхлүүлье?

 

-Сайн, Сайн байна уу, Эцэг эх маань хоёул малчин. Миний хувьд удам дагасан малчин айлын хүүхэд. Аав ээж хоёр маань хоёул моринд хайртай, морь сайн унадаг байсан. Тиймээс би багаасаа л морь унаж өссөн. Би зургаан ахтай. Ах нарынхаа уясан морийг унаж өгдөг байлаа. Ер нь намайг бага байхад эрэгтэй, эмэгтэй хүйс харгалзахгүйгээр бүх л хүн морь унадаг байсан. Би морь унах маш их дуртай. Төрж, өссөн орчин нөлөөлдөг байх.  Миний ганц чадах зүйл бол морь унах, морин спорт. Өдөр тутмын амьдрал ахуйдаа үргэлжид морио унадаг. Би дөрвөн сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн. Үүнийхээ дараа өөрийнхөө дуртай спортоор хичээллэж, хоббигоо хөгжүүлж байна./инээв/

 

 

Та Монголын хамгийн анхны эмэгтэй жокей болсон?

 

-“Хан Монгол” морьтны холбоо ТББ-аас зохион байгуулсан жокейн сургалтад хамрагдаад Монголын хамгийн анхны эмэгтэй жокей болж өнгөрсөн хоёрдугаар сард төгссөн. Ингээд мэргэжлийн жокейчин болсныхоо дараа анхны уралдаандаа амжилттай оролцлоо. Тодруулбал, “Mongolian Cup 2022” Сонгомол морьдын уралдаанд гурван насны морь унаж, амжилттай сайхан оролцлоо. Баяртай байна. Мэргэжлийн жокейн сургалтууд одоо ч явагдаж байгаа.

 

Нөгөө талаас нь харвал морь унаж чаддаг, моринд дуртай хүмүүст ажлын байр бий болж байна. Морин спортоор хичээллэж, жокей болвол нэмэлт орлого, цалинтай болно. Миний хувьд мал маллахынхаа хажуугаар хоббигоороо нэмэлт орлоготой болж байна.

 

 

Та жокей төдийгүй морьт харваагаар хичээллэдэг юм билээ?

 

-Тиймээ, Морьт харваагаар хичээллээд гурван жил болж байна. Одоо ч хичээнгүйлэн суралцсаар л байгаа. Морьт харваа дэлхийн 20 гаруй улс оронд хөгжиж байна. Дэлхийн хэмжээнд морьт харвааны спорт хөгжиж байхад эх суурь нь болсон Монгол Улсад морьт харваагаар хичээллэдэг хүн ховор байна.  

 

Та гэр бүлээ танилцуулахгүй юу? Танай хүүхдүүд морин спортоор хичээллэдэг үү?

 

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань морь унадаг, морьт харваагаар хичээллэдэг. Ер нь хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойр өсгөхийг хичээж явна. Мөн найзуудыгаа ч морин спортоор хичээллэхийг санал болгодог./инээв/

 

 

Морин спортоор хичээллэх эмэгтэй хүмүүсийн хувьд маш эрсдэлтэй. Морин спортоор хичээллэхийг нь гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

 

-Ерөнхийдөө дэмждэггүй. Гэр бүлийнхэн маань намайг бэртэж, гэмтэхвий гэж маш их санаа нь зовдог. Тиймээс ч морин спортоор хичээллэхийг маань төдийлөн дэмждэггүй. Гэсэн ч би өөрийнхөө дуртай спортоор хичээллэж байна. Өнгөрсөн жил бэлтгэл хийж байгаад хоёр гар, эгэм, хавиргаа хугалж байсан. Ингээд бэртлээ эмчлээд сарын дараа морин уралдаанд оролцож байсан./инээв/ 

 

Та  ер нь ажлаа хэрхэн  зохицуулж байна вэ?

 

-Багаасаа мал маллаж өссөн болохоор олон зүйлийг амжуулж сурдаг юм билээ. Дуртай спортоороо ч хичээллээд, гэрийнхээ ажлыг ч амжуулаад л байна даа./инээв/

 

 

Морин спортоор хичээллэхийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

 

-Морин спорт бол омогшиж, огшмоор маш сайхан зүйл. Морь унаж байхад Монгол хүн болсноороо бахархах мэдрэмж төрдөг. Хээр талаар морио унаад давхих хамгийн сайхан. Миний хувьд өөрийгөө хамгийн сайхан өв соёлыг тээж, уламжлуулж байгаа гэж боддог.

 

Та залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

 

-Бүх хүн морь унах албагүй. Морь унах боломжгүй хүмүүс ч бий. Харин орон нутагт мал маллаж амьдардаг залуус морио унах хэрэгтэй. Орон нутгийн залуус морь унахгүй мотоцикл унаж байгаад маш их шүүмжлэлтэй ханддаг. Морио унаж, Монгол ахуйтайгаа ойр байгаасай гэж хүсдэг.

 

 

Таны цаашдын зорилго юу вэ?

 

-Хамгийн ойрын зорилго маань “Морин өртөө уралдаандаа амжилттай оролцох байна. Өнгөрсөн жилийн Морин өртөө уралдаанд гуравдугаар байранд шалгарсан. Харин энэ жил амжилтаа ахиулах зорилготой. Энэ жил Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” морин спорт уяачдын холбоонд санал тавьж, Сэлэнгэ аймгаа төлөөлж оролцохоор болсон. Бэлтгэлээ хийж байна.

 

Мөн миний хувьд морин спортоор хичээллэж байгаа хүмүүсийн дунд ахмад тамирчиддаа орох хэдий ч хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ морин спортоороо зогсолтгүй хичээллэнэ гэж боддог. Чадвал 60 нас хүртлээ морь унаж уралдана./инээв/ Жокей хүн өөрийнх нь боломж бололцоо нь байвал 60 нас хүртэл уралдах боломжтой юм билээ. 

 

Г.Мичид

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Монголын бахархал болсон сайхан эмэгтэй байна!
2024-01-26
Амжилт хүсье
2022-11-15
Hulan:
minii ania eostoi mundag shvv amjilt hvsii ania daa?❤??
2022-04-13
stekuu:
Amjilt husie
2022-03-24
Амжилт,чи чхднаа
2022-03-23
Мундаг бүсгүй байна амжилт
2022-03-23
Амжилт
2022-03-23
Зочин:
Хайртай дүүдээ Амжилтын дээдийг хүсье
2022-03-23
Aayaa. Aajaa aajaa amjilt.
2022-03-22
Мундаг бүсгүйд амжилт хүсэе!
2022-03-22
БЗД иргэн:
Хүчирхэг гайхалтай хайртай дүүдээ Амжилтын дээдийг хүсье ээ.. Чи чаднаа..
2022-03-21