Өдрийн 12.00 цаг. Галын дохиолол дуугарна. Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн IV үйлдвэрт “гал гарчээ”. Ажилчид сандарч, дотор үлдсэн нөхдөө гаргахыг хүсэвч гал дүрэлзэн асна. Удсан ч үгүй галын машины дуут дохио дуулдана. Тэд иржээ. Гал сөнөөгчид машинаасаа яаран бууж, зааварчилгаагаа аваад эрдэнэт хүний амь, улсын эд хөрөнгийг аврахаар үүргээ гүйцэтгэнэ. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн онцгой байдлын албаныхан, түргэн тусламж, дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан, албан хаагчид ирлээ. Үйлдвэрийн байрнаас бэртэж гэмтсэн иргэдийг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.Тэд мэргэжлийн ур чадвар, багаар хамтран ажиллаж, үйлдвэрийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа. Сая нэг үйлдвэрийн байранд гарсан галыг бүрэн унтрааж дууслаа.
Энэ бол “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн IV үйлдвэрийн байранд зохион байгуулагдсан “Гал түймэр унтраах тактикийн сургууль” байв.
НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ц.Идэрмөрөн:
- Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн IV үйлдвэрийн барилгад “Гал түймэр унтраах тактикийн сургууль”-ийг зохион байгуулан явууллаа.
“Таван толгой түлш” ХХК нь Засгийн газрын 2020 оны 02 дугаар тогтоолоор Улсын онц чухал объектод бүртгэгдсэн ба Монгол услын Шадар сайдын 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралтаар Барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн зэргээр Гал түймрийн Онц аюултай ангилалд багтдаг.
Өнөөдрийн сургалт нь болзошгүй гал түймрийн үед унтраах, арга зүй, байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургах дадлага сургуулилт юм.
Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн жилүүдэд үйлдвэрийн барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан, томоохон хэмжээний үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж, объектын онцлогтой танилцуулах, гал унтраах, гамшгийн үед хэрэглэгдэх анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах, бусад албадын болон тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургахад оршино.
Гал түймэр унтраах тактикийн сургалтыг жилд хэдэн удаа зохион байгуулдаг вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг 2-оос доошгүй удаа явуулдаг.
Мөн үйлдвэрийн барилгад дадлага сургуулилт явуулахаас гадна Гал түймэртэй тэмцэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтыг танхимаар зохион байгуулсан.
Өнөөдрийн сургалтад хэдэн албан хаагч оролцсон бэ?
-Сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, Аврах ангийн 2 тасаг, нийслэлийн Аврах анги, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын салбар, дүүргийн Улаан загалмайн хороо, Таван толгой түлш ХХК-ийн мэргэжлийн анги, нийт 9 техник хэрэгсэл, 51 алба хаагч, 45 ажилтан сургалтад хамрагдлаа.
Г.Мичид
Уншиж байна |