Б.Майцэцэг: Электрон тамхи нь тамхинаас гаргах биш үхэлд хүргэх эрсдэлтэй
2022-03-17

 

Сүүлийн үед залуус Vape буюу электрон тамхийг маш ихээр хэрэглэх болсон. Тэгвэл электрон тамхины хэрэглээ, түүнд тавих хяналт зохицуулалт, хор нөлөөллийн талаар НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.

 

Электрон тамхины хэрэглээ өсвөр үе, залуусын дунд нэмэгдэж байгаа. Янжуур тамхи болон электрон тамхины хор нөлөөг харьцуулж сурталчилсаар байна. Электрон тамхи уламжлалт тамхинаас хор нөлөө багатай юу? Ингэж харьцуулах нь зүйтэй эсэх?

 

-Электрон тамхи нь хэлбэр дүрс, өнгө, үнэр зэргээрээ хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Тус тамхины орцонд уламжлалт тамхинд ордог бүтээгдэхүүнүүд бүгд багтдаг. Мөн өнгө, үнэр оруулагч зэрэг нэмэлт химийн бодисууд агуулагддаг.Ер нь янжуур болон электрон тамхийг харьцуулахаас илүү эрүүл мэндэд хортой гэдгээр нь авч үзэх нь чухал. Уламжлалт тамхи нь  уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчин, хавдар зэрэг өвчлөлийг үүсгэдэг. Электрон тамхи ч ялгаагүй дээрх өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй.АНУ-ын Нью-Йорк хотын эрдэмтэд электрон тамхи сорох үед янжуур тамхитай харьцуулахад хүний хамрын хөндийд2 дахин их  уур сорогдож хамрын хөндий, хоолойн үрэвсэл, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар судалсан байна.  Жил бүр 8.2 сая хүн тамхинаас шалтгаалсан өвчний улмаас нас барж байна.

 

Жишээлбэл, ОХУ-д 12 настай хүүхэд электрон тамхи татаад нас барсан. Австрали улсад 15 настай охин электрон тамхи хэрэглэдэг байсан. Улмаар коронавирусийн халдвараар өвчилж нас барсан байна.

 

Тамхины хэрэглээ нь дархлааг сулруулдаг. Улмаар уушгины үрэвсэл үүсгэдэг. Мөн харшил болон тархины харвалт тохиолдож байна. Ер нь электрон тамхи нь тархинаас эхлээд  давсаг хүртэлх бүх эд эрхтэнд нөлөөлж, өвчлөл үүсгэж байна.

 

Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл Тамхины утаагүй дэлхий болох хөдөлгөөн өрнүүлж, улс орнууд нэгдэж байна.  Англи улс тамхины татвараа хамгийн өндөр нэмэгдүүлж, улс орнуудыг уриалсан.Дэлхийн Зүрхний Холбооноос 2021 оны 10 сард бүх улс орнуудад электрон тамхины эргэлтэд хатуу зохицуулалт хийх, маркетинг, борлуултад хяналт тавихыг уриалсан байна.

 

Электрон тамхийг утаат  тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс хэрэглэдэг гэх яриа бий?

 

-Янжуур тамхи татдаг хүмүүс тамхинаас гарахын тулд электрон тамхи татаж байх шиг байна. Гэхдээ тамхинаас гарахаас илүү хоёр хэрэглээтэй болсон нь ажиглагдаж байгаа. Утаат тамхи болон электрон тамхи хоёул эрүүл мэндэд хортой. Тамхи нь хавдар үүсгэх эрсдэлтэй бүтээгдэхүүнүүдийн нэг. Тиймээс тамхи татаж байгаагүй бол тамхинд орохгүй байх, тамхи татдаг бол эртхэн тамхинаас татгалзах нь амьдралын чанарыг сайжруулна.  Эрдэмтдийн судалснаар 30 настай хүн тамхи татдаг бол 35 жил нэмэгдэж  65 насална. Харин 30 настай ч тамхи татдаггүй бол 53 жилээр уртсаж 83 наслах боломжтой. Өөрөөр хэлбэл, тамхи хүний наснаас 10-15 жилийг хороож байдаг.

 

Дахин жишээ дурдвал, Австрали улсад оршин суух 70 настай иргэнийг  тамхинаас гаргахын тулд хүүхэд нь электрон тамхи авч өгсөн байгаа юм. Тухайн хүн электрон тамхийг найман жилийн хугацаанд хэрэглээд харамсалтай нь  уушгины хурц үрэвслээр нас барсан байдаг. Ингээд гэр бүлийнхэн нь электрон тамхи  нь ердийн тамхинаас гаргадаг зүйл биш, үхэлд хүргэдэг зүйл гэдгийг нь өөрсдийн гунигтай түүхээ хуваалцаж олон нийтэд зарласан байдаг.

 

Манай улсын иргэдийн тамхины хэрэглээ залуужиж байгаа нь юутай холбоотой вэ?

 

-Манай улсын 20-35 хүртэлх насны залуусын тамхины хэрэглээ бусад насныхныг бодвол илүү байна. 2019 онд хийсэн судалгаагаар 15-64 насны иргэдийн цахилгаан тамхины хэрэглээ 1.9 хувь байхад, 13-15 насныхны хэрэглээ 3.5 хувь байна. Гэтэл БНСУ-д 2020 онд хийсэн судалгааг харвал 19 дээш  насны иргэдийн тамхины хэрэглээ 3.2 хувь, 13-18 насныхны хэрэглээ 1.9 хувь байна. Өөрөөр хэлбэл, судалгааны үр дүн манайхаас эсрэгээрээ байна гэсэн үг. Үүнээс харахад бид хүүхэд, залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал сул хандуулж байгаа нь илт байна. БНХАУ-д 2019 оны судалгааны дүнгээс үзэхэд дунд сургуулийн сурагчдын 2,7 хувь нь электрон тамхи хэрэглэж байна.

 

Бид хүүхэд залуусынхаа  эрүүл мэндэд анхаарал хандуулахад гэр бүл, сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллагууд, татвар, гааль, засгийн газар, шийдвэр гаргах бүх түвшний байгууллагын оролцоо манлайлал  зайлшгүй шаардлагатай байна. Улаанбаатар хотын Багануур, Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Зуунмод хотын удирдлагууд электрон тамхины хэрэглээг хорих шийдвэр гаргалаа.

 

 Хүүхэд, өсвөр үеийнхний хорт зуршлыг бууруулсан бусад улс орнуудын жишээ бий. Сургуулийн хөтөлбөрт урлаг соёл,ур чадварыг хөгжүүлэх сургалт дамжааг   үнэ төлбөргүй болгосон. Ингэхээр сурагчид буруу хэрэглээг сонирхох биш, эрүүл мэнддээ, хамт олон, нийгэмдээ илүү анхаарал хандуулж, бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд сайжирч байна. Тиймээс манай улс энэ жишгээр сургуулийн орчинд сургалт, дугуйланг үнэ төлбөргүй болгож өгөх  нь зүйтэй юм.

 

Ер нь хүн тамхинаас гарахын тулд хэд хоногийг зарцуулдаг вэ?

 

-Тамхи татах агшинд никотины үйлчлэлээр допамин гэдэг гормон ялгардаг. Тухайн үед тайвширсан, хүчтэй болсон мэдрэмжинд нь хууртаад байгаа юм. Уг мэдрэмжийг ойр ойрхон авах тусам допамины ялгаралт багасдаг. Допамин багасахын хэрээр тамхинд донтдог. Залуу наснаасаа тамхи татсан бол тамхинаас гарах магадлал нь багасдаг. Харин хожуу тамхи татаж эхэлсэн бол тамхинаас гарах чадвар нь илүү байдаг.

 

2015 онд Тамхины тухай хуульд тамхины цэгтэй болох өөрчлөлт оруулсан. Иргэд утаат тамхийг тамхины цэгт татаж байна. Харин электрон тамхийг дуртай үедээ, дуртай газраа татаж байна?

 

-2015 онд хийсэн тамхины тухай хуульд өөрчлөлт оруулахдаа ухралт хийчихсэн. Тамхины цэгтэй болсноороо дам тамхидалт ихэссэн. Жишээлбэл, МУИС болон ШУТИС-ийн дунд байдаг тамхины цэгт оюутан залуус олноор цугларч тамхи татаж харагдах юм. Нийслэлийн хүн амын нягтаршил ихэссэн энэ үед олон нийтийг дам тамхидалтаас хамгаалах шаардлага үүсэж байна. Гудамжаар алхаж явахдаа, нийтийн орон сууцанд амьдардаг хүмүүс гэртээ сууж байгаад дам тамхидалтад өртөж байна. Яагаад гэвэл агааржуулалтын хоолой нэг байна. Тамхи нь хүнд заавал байх ёстой хэрэглээ биш. Эрүүл мэнд төдийгүй эдийн засагт хамгийн их дарамт учруулдаг зүйл. Хоёр жилийн өмнө хийсэн эдийн засгийн тооцооллоор:

 

  • Тамхи таталгүй 1 сар мөнгө хэмнэвэл  фитнест 1 сар үнэгүй явах

  • Тамхи таталгүй 6 сар мөнгө хэмнэвэл гар утастай болох

  • Тамхи таталгүй 1 жил мөнгө хэмнэвэл нөүтбүүктэй болох

  • Тамхи таталгүй 5 жил мөнгө хэмнэвэл гэр бүлээрээ гадны улс оронд аялах

  • Тамхи таталгүй 10жил мөнгө хэмнэвэл машинтай болох

  • Тамхи таталгүй 20 жил мөнгө хэмнэвэл байшинтай болох боломжтой байна.

 

Манай улсын тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн ажил ямар шатанд яваа вэ?

 

-Салбаруудын төлөөллөөс бүрдсэн Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдаад хоёр жилийн турш ажиллалаа. Хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцүүлэг өрнүүлсэн.

 

БНСУ, БНЭУ, Сингапур, Мексик, Бразил, Норвеги, Панам зэрэг 11 улсад электрон тамхийг  импортлох, тээвэрлэх, худалдаалах, хадгалахыг хориглосон. Мөн дэлхийн 184 улсад электрон тамхинд ОАТ ногдуулж байна. Харин манай улсын хувьд электрон тамхинд ОАТ ногдуулаагүй мөн хориглоогүй. Монгол Улсад  электрон тамхины хэрэглээг хуулиар хориглох,  тамхи тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг 70 хувьд хүргэж нэмэгдүүлэх шийдлүүд яаралтай хэрэгтэй байна. Тамхины ОАТ-ыг нэмэгдүүлэх нь дараах ач холбогдолтой. Үүнд:

 

  • Улсын төсөвт орлого оруулна

  • Тамхины хэрэглээг буурснаар тамхинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт буурна

  • Хүн амын эмзэг хэсгийн эрүүл мэнд сайжирч эрүүл мэндийн эрх тэгш байдлыг бий болгоно

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Enkhtuya:
Yanjuuriihnii zahialgat medee Yu. Esvel chinii biznes yumuu. Delhii niiteere electron tamhiig hor bagatai ged hereglej bhad hotsrogdson medeelel taviha bolioch.
2022-03-21
зочин:
электрон тамхиа татаад үхээ оркоо.
2022-03-17
иргэн:
Худлаа байхоо, төр засагт ажиллаж байгаа хүмүүсийн үгэнд итгэхээ болиод удаж бна, та нар ч сайхан шаанашлээ
2022-03-17
зочин:
электрон тамхиа татаад үхээ оркоо.