ГЕГ: Иргэн барааны тоо хэмжээгээ 4-5 дахин дутуу мэдээлсэн
2022-03-14

 

Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

 

Гаалийн Ерөнхий газрын төлөөлөл "Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй мэдээллийн тухайд тухайн иргэн ачаа, бараагаа мэдүүлсэн. Ингээд тухайн ачаанд хяналт шалгалт хийхэд  бараагаа 4-5 дахин дутуу мэдүүлсэн байсан. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний 307 боодол шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдээлжээ. Дахиад 122 боодол ачаа шалгахад ямар тоо хэмжээ гарахыг мэдэхгүй байна. Шалгалтын ажил үргэлжилж байна. 

 

Гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэгтэй. Чиг үүргийн хүрээнд гадаадын болон дотоодын хууль хяналтын байгууллага, тусгай албадтай тогтмол хамтран ажиллаж байна.

 

Энэ хүрээнд өнгөрсөн оны наймдугаар сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд таван удаагийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлыг илрүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхи гэдэг нь 2021 оны наймдугаар сард улс хоорондын шуудан илгээмжлэх гаалийн газраас Африкийн улсаас Монгол Улсын иргэн илгээмж хүлээн авахдаа 1 кг орчим мөс хууль бусаар  нэвтрүүлэхийг завдсан хэрэг юм.

 

Монгол Улс руу сүүлийн үед үйлдвэрлэгдсэн маш хүчтэй үйлчилгээтэй шинэ төрлийн мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлж байж болзошгүй үйл ажиллагааг гааль, хууль сахиулах байгууллагын хамтарсан арга хэмжээгээр илрүүлээд холбогдох ажиллагааг хийж байгаа.

 

Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл,  иргэд, ААН гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд хяналт шалгалт хийгээд улсын хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт нээлттэй. ДЭМБ-аас электрон тамхийг хэрэглэхийг хязгаарлах зөвлөмж ирсэн.

 

Тамхины хяналтын тухай хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа.

 

Алт мөнгөний арилжаа эрхлэгчид Гаалийн татвараас зайлсхийх зорилгоор олон улсын нисэх буудлаар орж ирэхдээ нисэх буудлын ариун цэврийн өрөө, тавилга эд хогшил дунд алт үнэт эдлэлээ нуух, бусдад дамжуулах зөрчлүүд багагүй гарч байгаа. Сүүлийн таван сарын байдлаар  нийт 10 удаагийн хэрэгт зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа. Үүнд 335,2 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 167 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигч 3.6 кг алт үнэт эдлэлийг нисэх буудлын ариун цэврийн өрөөний хогийн саванд нууж бусдад дамжуулахыг завдсан зөрчил илэрсэн.  Хяналт шалгаж хийж байгаа" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНЭ НЬ ГААЛЬ, ХЯНАЛТЫН БОЛОН ТАТВАРГҮЙ БАРААНЫ АЖИЛЧИД ОРОЛЦОХ МАГАДЛАЛ ӨНДӨР СҮЛЖЭЭ БАЙЖ БОЛОХ ЮМ
2022-03-14