Украины хямрал улам бүр ширүүсэж, нөхцөл байдал уруудсаар байгаа билээ. ОХУ-тай хиллэдэг, өргөн уудам газар нутагтай Монголчууд энэ дайны хүнд хэцүү нөхцөл байдлыг мэдэрч эхэлжээ. Дайн Монголын бүс нутаг, дэлхийн хувь заяанд хэрхэн нөлөөлж болох тухай тэд санаа зовж байгаа. Нийслэл хотын иргэд дайны талаарх өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, энэ дайн тэдний эдийн засагт шууд нөлөөлөх учраас цаашид бүс нутгийн түвшинд гол нэрийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт улам бүр нэмэгдэнэ гэдгийг хэлж байсан юм. Мөн шатахууны үнэ хурдацтай нэмэгдэж байгааг онцолж, Монгол улс нь ОХУ-аас эрчим хүч, шатахууны хамааралтай байдгийг тухай ярьсан. Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн ихэнх нь дайныг зөвтгөж болохгүй, бүх хүн энх тайвныг хүсэж байгаа гэдгийг сануулсан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодитой мэдээлэл өгөхгүй, хуурамч мэдээллийн дайн хийж байгааг буруутгаж байсан юм. Зарим иргэн уг мөргөлдөөнийг Украйн улс НАТО-гийн гишүүнээр элсэх гэсэн шалтгааны улмаас Оросын тал эсэргүүцэж дайн дэгдээсэн байх магадлалтай талаар ярилаа.
Иргэн Цэрэнтогтох: Бид мэдээж энхтайвныг хүсэж байна. Энэ дайн ямар хэрэгтэйг мэдэхгүй байна. Ингэж дайтах нь зөв эсвэл буруу эсэхийг хэлж мэдэхгүй байна. Үй олон хүний амь нас эрстэж байна. Олон үр хүүхэд эцэг эхгүй өнчирч байна. Дайн бол хүсээд байх зүйл биш. Би үүнийг хурдан зогсоосой гэж хүсэж байна.
Иргэн Даваахүү: Хоёр орны асуудлыг бид мэдэхгүй. Яг хажууд нь байгаагүй болохоор мэдэх боломжгүй. Юунаас зөрчилдөөд, яагаад дайн болж байгаа талаар надад ямар нэгэн ойлголт алга. Тиймээс дүгнэх боломжгүй байна. Телевизээр гарч байгаа мэдээлэл үнэн худал аль нь болохыг яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Мэдээж манай улсад энэ дайн нөлөөлнө. Эдийн засагт маш их нөлөөлнө. Шатахууны үнэ өсөхөөс эхлээд. Бид бүх зүйлсээ Орос, Хятад хоёр улсаас авдаг. Хятадаас хүнсний зүйлээ, Оросоос цахилгаан эрчим хүн, шатахуун гэх мэт бүхий л зүйлээ авч байна. Хэрэв Орос эдийн засгийн хоригт орвол Монгол адилхан хоригт орно гэсэн үг. Харин хоёр орны дайны хувьд хэнийх нь зөв буруу эсэхийг би хэлж мэдэхгүй байна.
Иргэн Гантулга: Залуу хүнийхээ өнцгөөс харахад энэ дайны эхлэл Украйн улс НАТО-д элсэх тухай асуудлаас болж маргаан үүссэн юм шиг харагдсан. ОХУ -ын хувьд Украйныг Натод элсүүлэхгүйгээр хуучин өөрийн харьяанд байсан цаг үе шигээ хараат байдалдаа байлгах сонирхолтой юм шиг санагдсан. ОХУ улс өөрөө маш том гүрэн учраас бусад улсууддаа нөлөөлж байгаа. Манай Монгол улс ч гэсэн ОХУ -аас маш олон зүйлс импортоор авч байгаа учраас нөлөөлнө. Энэ дайны цаад хор уршиг Монгол улсад маш хүндээр тусна гэж харж байгаа. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хотод явж байгаа 600 мянган автомашины шатахууны үнэ өсөхөөс эхлүүлээд маш их хор уршигтай. Миний харж байгаагаас илүүтэй нүдэнд харагдахгүй далдаар асар олон зүйлүүд өрнөж, өөрчлөгдөж байгаа.
Иргэн Баярмаа: Украин улсын буруу ч бай зөв ч бай дайн болох ёсгүй. Путин өөрөө тийм том орны ерөнхийлөгч байж “Еэс дайн” гэж болохгүй. Бид одоо хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Дайн хэзээ ч байж болохгүй. Хэрэв Путин энэ асуудлыг энхийн аргаар шийдэж чадахгүй байгаа бол Энхийн аргаар шийдэж чадах дараагийн хүндээ засгийн эрхээ шилжүүлж өгөх хэрэгтэй. Путин яагаад байгааг ойлгохгүй байна. Түрэмгийлэх гээд байгаа юм уу? Дэлхийг ноёрхох гээд байгаа юм уу? Юу хүсээд байгааг нь ойлгохгүй байна. Мэдээллийн хэрэгслээр хоёр талын байр суурийг хоёр өөр байдлаар мэдээлж байгаа. Ямар ч гэсэн дайн хэзээ ч байж болохгүй. Би энэ байр суурин дээрээ бат зогсоно. Би Украйныг дэмжээд байгаа даа биш би дайныг эсэргүүцэж, энэ бичиг дээрээ тэмдэг тавьсан байгаа юм шүү.
Эх сурвалж: А24