Залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан С.Сүхбат түрүүллээ
2022-03-14

 

 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өчигдөр болж 704 бөх авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдав. Энэ бол Монгол бөхийн өргөөнд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн олон бөх зодоглосон тохиолдол байлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар СХ, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Сүхбаатарын Сүхбат 10 даван анх удаа ижил цолтнуудынхаа барилдаанд түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Батхуягийн Бат-Эрдэнэ мөн анх удаа үзүүрлэв. Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын наадмын хоёр түрүүтэй заан Төмөртогоогийн Лхагвасүрэн шалгарсан бол шөвгийн тавд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Энхболдын Чойням, Завхан аймгийн Отгон сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Гантөмөрийн Анх-Эрдэнэ, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, сумын заан Наранболорын Баяржаргал нар үлдлээ.

 

Дараагийн барилдаан ирэх Пүрэв гараг буюу Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин