АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН олон улсад болж буй үйл явдалтай холбоотойгоор албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Үүнийг гуйвуулах байдал ажиглагдаж байна. Өчигдөр Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. Монгол Улсын төрийн санах ой суларсан харагдаж байна. Учир нь Монгол Улс болж буй олон улсын асуудалд өөрийн гэсэн бодлоготой. Үүнийг төрийн гол алба хашиж байгаа зарим хүн мэдэхгүй суугаад байж мэдэх юм. 2010 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчилсэн. Үүнтэй холбоотой Монгол Улсын гадаад үзэл баримтлалын бодлого гэдэг бодлогын баримт бичиг гарсан. Монгол Улс бусад орнуудаас хэдэн хэдэн зүйлээр зарчмын ялгаатай.
Монгол Улс хоёр хөрштэйгээ газар нутгийн маргаан, зөрчил байдаггүй. Монгол Улс тусгаар улс юм бол байр сууриа зарлах ёстой. Бид бодлого, байр суурьгүй байна гэдэг нь толгойгүй хүн шиг байна. Монгол Улс гадагшаа дэлхийтэй харилцана. Энэ үед Монгол Улсын байр суурийг асууна. Тиймээс хоёр тийшээ харж бүлтэлзээд, санаа зовсон хүүхэд шиг байхаа боль. Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлэх ёстой.
Бид хоёр хөрштэйгээ сайн харилцаатай. Бусад орнуудтай тэгш эрхтэй харилцдаг. Хүн төрөлхтөнд нийтлэг үнэт зүйл гэж бий. Тодруулбал, хүний эрх чөлөө, дайн дажингүй байх асуудал. Дэлхий эдийн засаг, техник технологи зэрэг олон асуудалд нийтлэг нэг болжээ. Бие биенээсээ харилцан хамааралтай болсон байна. Тиймээс Монголын төр өөрийн байр суурийг илэрхийлэх ёстой.
...Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хоёр хөрш маань хүлээн зөвшөөрдөг. Бидэнд маргаан байхгүй. Айж ичих зүйл байхгүй.
АН-аас гаргасан мэдэгдлийн гол агуулга нь хилийн чанадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах нь Засгийн газрын эхний ажил. Хэцүү байдалд байгаа иргэдээ нэн даруй татаж авах, туслалцаа үзүүлэх, хамгаалдаг байх ёстой" гэж мэдээллээ.
М.Насан