Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУД -д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд өчигдөр орон нутгийн цагаар 14:20 цагт 8 иргэн, өнөөдөр 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авлаа.
Ингэснээр 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш манай улсын нийт 58 иргэн Польш Улсад ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэдээ аюултай бүсээс татан авч дуусаад байна.
ЭСЯ-ны ажилтнууд Украины хилийн зурвасаас дотогшоо хориотой бүс рүү нэвтэрч, 30 гаруй км-ээс иргэдээ татан авсан бөгөөд дипломат шугамаар уулзалт яриа өрнүүлсний үр дүнд хил нэвтрэх урт дарааллыг алгасах зэрэг аливаа чирэгдэл хүндрэлгүй Польшийн хилээр нэвтрүүлэв.
Түүнчлэн иргэдээ татан авах ажиллагаанд идэвхтэй оролцсон Украин Улсад суугаа Өргөмжит консул Эдуард Рубан болон Львовоос Польшийн хил рүү иргэд хүргэх үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан Украин Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Жүгдэрийн Энхзаяа мөн иргэддээ тусалж дэмжиж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байсан Польш дахь Монголчуудын холбоод гүн талархал илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн, 3 дугаар сарын 3-ны өдөр буюу маргааш 15 иргэн ирнэ. Мөн Польшид үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр эх оронд нь авчрахаар ажиллаж байна.
ГХЯ-ны Шуурхай штаб болон дээр дурдсан олон хүмүүсийн чин сэтгэл, хүчин чармайлт, хичээл зүтгэл болон баг хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, шуурхай зохион байгуулалт, нягт чамбай үйл ажиллагааны үр дүнд иргэдээ онц аюултай бүс нутгаас амжилттай гаргаж, эх орондоо эргэн ирэх бүхий л боломжийг ийнхүү бүрдүүллээ.
Өнөөдөр дахин шинээр 9 иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээр иргэдээ татан авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ГХЯ
Уншиж байна |