Энэ үеэр Прокурорын тухай хуулийн төслийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлсэн юм. Тэрээр "...Прокурорын тухай хуулийн УИХ дахь ажлын хэсгийг ахлаж ажилласны хувьд түүний эх бичвэрийг гардуулан барих хүндтэй үүргийг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийнхүү прокурорын байгууллага гурав дахь хуулиа хүлээн авч байна. Шинэ хуулиа бүх шатны прокурорууд, ажилтан албан хаагчид сайтар судлаж, нэг мөр ойлгон хэрэглэж, монгол улсын шүүх эрх мэдлийн байгууллагыг болон эрүүгийн эрх зүйн салбарын шинэтгэлийн ажлыг үлгэрлэн манлайлж ажиллана гэдэг итгэлтэй байна. Түүнчлэн уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс прокурорын болон цагдаагийн байгууллага бусад байгууллагаас батлаж мөрдүүлэхээр заасан журам зааврыг яаралтай боловсруулж, зохих журмын дагуу батлан гаргах шаардлагатайг онцлон хэлье. Та бүхэн үнэн худлыг дэнсэлж, шударга ёсыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, монгол улсын хуулийг чандлан сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахыг та бүхнээс хүсье..."гэж хэлээд прокурорын тухай хуулийн эх бичвэрийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүлээлгэн өгсөн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий Прокурор хэлсэн үгэндээ "...Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудыг шинэчлэгдэн батлагдсан Прокурорын тухай хуулиа чанд мөрдөж, Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчлийн болон эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн нэн хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмаа дээдэлж ажиллана гэдэгт итгэл төгс байна. Монгол төрийн прокурорын байгууллагын сүр хүч, сүлд хийморь мандан бадарч байх болтугай..." гэж хэлсэн юм. "Прокурорын тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авсаны дараа прокурорын тангараг өргөх ёслолын арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Ц.Арвинбуудай удирдан явуулж, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, ХБМБАХТХ-ийн дарга Е.Сагсай прокурорын тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, нийт прокурорууд дагалдан тангарагаа өргөж, Монгол Улсын төрийн далбаанаас адис хүртэж байлаа. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын харъяа Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, ахлах прокурор, хяналтын прокурорууд цахим сүлжээгээр холбогдсон хэвээр байж, "Прокурорын тангараг” өргөх ёслолын арга хэмжээг байгууллага тус бүрдээ зохион байгуулж байсан юм. Ёслолын арга хэмжээний дараа Улсын Ерөнхий прокурорын газрын Алдрын танхимд Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар прокурорын байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ажлын хэсгийн гишүүдэд шагнал гардуулах арга хэмжээ болов. Үүнд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Прокурорын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар, мөн ажлын хэсэг, дэд хэсгийн гишүүн Монгол Улсын Их Хурлын гишүүнО.Батнасан, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дарга Ц.Цолмон, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, мөн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, мөн хорооны референт Ч.Батбямба нарыг "Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг”-ээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Хонгорзул, Б.Баярмаа, мөн хорооны референт М.Отгон, П.Хулан нарыг Улсын Ерөнхий прокурорын газрын "Жуух бичиг”,мөнгөн шагналаар тус тус шагнасан юм.
Уншиж байна |