
Монголын бурхан шашны тэргүүнээр заларсан IX Богд Жавзүндамба хутагт Жамбалнамдолчойжыжанцан таалал төгсжээ. IX Богд Жавзүндамба хутагт нь Халхын анхдугаар Богдоос тооцвол 9-р дүр, Жонон Дарнатын 10 дахь төрөл, Товтамэд Бодьсадын 28 дахь төрөл, Барва Бандидын 21 дэх төрөл. Жамьян цоржийн 14 дэх төрөл. Ранжун ишдоржийн 9 дэх төрөл юм. IX Богд 1932 онд мэндэлсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын бурхан шашны тэргүүнээр залагдсан билээ.
80 нас зооглон, жанч халсан Богдын насан элсэнтэй холбогдуулан улсын тусгай комисс байгуулан БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраар ахлуулжээ.
1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт маш сонин гайхамшигтайгаар лагшин мэндэлсэн байна. Түүний ээж Янжинлхам нь ганц хүү төрүүлсэн бөгөөд хүүг мэндлэхэд олон гайхамшигт үйл явдал тохиолдсон гэдэг.
Эхийн хэвлийд байх үед нь Гандан тива Тэхор Жамбачойдаг ринбүүчи хутагтын мэндэлхийг ер бусийн хэмээн урьдчилан зөгнөж Содномдаржай гэсэн нэр хайрласан гэдэг.
Хожим алдарт Павонха Дэчэннинбу /1878-1941/ гэгээнд Данзан гэх нэр нэмж Содномданзандаржай хэмээх алдартай болсон байна. Энэ мэт олон гайхамшигт үйл явдлын дараа шинж тэмдгийн дагуу түүнийг 4 настайд нь XIII Далай ламын тамгыг барьж байсан Радэн ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жэвзүндамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулсан байна.
Гэвч энэ үед цаг төрийн хүнд нөхцөлөөс шалтгаалан Төвд, Монголын засгийн газрууд хутагтыг ширээнд залах ёслол үйлдэж амжаагүй билээ.