Хятадад хүүхдүүдийн дунд тархсан үл мэдэгдэх өвчний голомтын талаар нэмэлт мэдээлэл өгөх хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадад хандан тавьжээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
ДЭМБ-ын онцолсноор, Хятадад амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс есдүгээр сарын 13-ны өдөр зарласан аж. Тухайн үед Хятадын эрх баригчид өвчний дэгдэлт нь ковидын эсрэг хязгаарлалтыг цуцалсан, ханиад томууны вирус тархаж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байжээ.
"Хүүхдүүдийн дунд ихээр нэмэгдэж буй амьсгалын замын өвчний талаар тодорхой мэдээлэл өгөх хүсэлтийг Хятадад хандан гаргасан" гэж ДЭМБ -ын мэдэгдэлд өгүүлсэн байна. ДЭМБ ийм мэдэгдэл гаргахаас өмнө The Telegraph сонин Хятадын хойд хэсэгт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй амьсгалын замын өвчин тархсан хэмээн мэдээлж байв. Хятадын эмнэлгүүд халдвар авсан хүүхдүүдээр дүүрсэн, өвчлөлийн дэгдэлт Бээжин зэрэг томоохон хотуудад ч гарсан хэмээн мээдэлж байсан юм.
The Telegraph сонин энэ мэдээллийг дэлхий даяар хүн ба амьтны өвчний дэгдэлтийг хянадаг ProMed цахим хуудаснаас авсан эх сурвалжтайгаар дамжуулж байв. Эх сурвалжийн онцолсноор чухамхүү ProMed 2019 оны сүүлээр үл мэдэгдэх вирус дэгдэж байгаад олны анхаарлыг хандуулсан бөгөөд энэ нь сүүлд коронавирус нэртэй болсон юм.
Тайванийн FTV News суваг ч мөн Хятадын томоохон хотуудын эмнэлгүүд хүүхдүүдээр дүүрсэн хэмээн мэдээлсэн байна.
"Тэд ханиалгахгүй, ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа. Тэд өндөр халуурч, олон хүүхдэд уушгинд нь зангилаа үүсэж байгаа" хэмээн Бээжин хотын оршин суугч Тайванийн телевизэд ярьжээ.
Бээжин хотын өөр нэг оршин суугчийн ярьснаар, ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг хичээлдээ явахыг хориглосон, эрх баригчид өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг нууцалж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |