Өмнөд Солонгост нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно
2023-11-20

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нохойн мах идэх, худалдахыг хориглосон хуулийг ирэх  онд батлахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулжээ.

 

Засгийн газар энэ хуулийг эрх баригч намтай хамтран батлахаар зэхэж байгаа бөгөөд намын төлөөлөгч Ю Йи Дон мэдэгдэл хийхдээ Өмнөд Солонгост "нохойн махыг хүнсэндээ хэрэглэхийг болих цаг нь ирсэн" хэмээн онцолсон байна. Ийм хууль батлах болсон нь олон шалтгаантай, тэдгээрийн дунд солонгосчууд гэрийн тэжээвэр амьтан тэжээх нь нэмэгдсэн, түүнчлэн нохойн мах хүнсэндээ хэрэглэх нь тус улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа зэрэг шалтгаан багтжээ. 

 

Хуулийн төсөлд тусгаснаар нохойг нядлах, нохойн махыг зарахыг хориглох бөгөөд 2027 оноос эхлэн дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа аж. Хууль батлагдсанаар махны чиглэлээр нохой үржүүлдэг фермийн эзэд, эдгээртэй холбоотой махны үйлдвэр, нохойн махаар хоол хийдэг зоогийн газрын эздийг бизнесээ хааж, өөр үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулж санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр хэрэгцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 

 

Засгийн газрын энэ санаачилгыг амьтан хамгаалагчид талархан хүлээн авчээ. Тэд нохойн махыг хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг уриалаад олон жилийг үдэж байгаа юм. Өмнөд Солонгост одоо нохой үржүүлгийн 1150 ферм, 34 бой, 219 дистрибьютер компани болон нохойн махаар хоол хийдэг 1600 зоогийн газар байдаг аж. Өмнөд Солонгост 2022 онд хийсэн судалгаагаар тус улсын оршин суугчдын 64 хувь нь нохойн махаар хоол хийхийг эсэргүүцдэг эгж хариулсан бол ердөө найман хувь нь нохойн мах иддэг гэж хариулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
эсэргүүцэж жагсаж байна лээ хүний юу идэхийг зааж болохгүй гээл
2023-11-22