Пикассогийн зураг 140 сая доллараар зарагджээ
2023-11-09

Нэрт зураач Пабло Пикассогийн Femme a la Montre ("Бугуйн цагтай эмэгтэй") бүтээл дуудлага худалдаанд тавигдаж, өндөр үнэ хүрсэн талаар The Mirror мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Sotheby's дуудлага худалдааны газраас зохион байгуулсан худалдаагаар Пикассогийн "Бугуйн цагтай эмэгтэй" зураг 139,364 млн доллар буюу монгол мөнгөөр 487,2 тэрбум төгрөгтэй дүйх үнэд хүрсэн байна. Тосон будгаар бүтээсэн, 130х96,5 см хэмжээтэй энэ зурган дээр Пикассогийн дурлалт бүсгүй, Францын загвар өмсөгч Мари-Терез Вальтер дүрслэгджээ. Мари-Терез Пикассогийн онгодыг хөглөдөг байсан гэх бөгөөд тэд анх 1927 онд, Мари-Терезийг 17  настай байхад Парист танилцаж байжээ. 

 

Тэд танилцах үед Пикассо балетчин Ольга Хохловатай гэрлэсэн байсан гэнэ. Мари-Терез, Пикассогийн харилцаа хэдэн жил үргэлжилж, харин 1930-аад оны дунд үеэр Пикассо өөр нэг муза болох Дора Маартай учиржээ.

 

1935 онд Мари-Терез охин төрүүлж, Майя гэж нэр өгсөн байна. Майя ээжийнхээ адилаар Пикассогийн олон зурагт модель болж байжээ. 1973 онд Пабло Пикассо таалал төгсөж, харин Мари-Терез  1977 онд амиа хорлосон юм.

 

Мари-Терез дүрслэгдсэн "Бугуйн цагтай эмэгтэй" бүтээлийг 1968 онд Америкийн алдарт цуглуулагч Эмили Фишщр Ландау авчээ. Ингээд энэ зураг хагас зуун жил гаруйн хугацаанд Эмилигийн Нью-Йорк дахь байрны хананд өлгөөтэй байсан аж. Эмили 2023 оны гуравдугаар сард таалал төгсөж, түүний цуглуулгын нэг хэсэг болох 400 сая долларын өртөг бүхий 120 зургийг зурах эрхийг Sotheby’s авчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин