Орос улс 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хятад, Монгол, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтээ багасгаж болзошгүй талаар тус улсын Коммерсант сонин мэдээлснийг бид энд хүргэсэн билээ. ОХУ-ын Засгийн газраас цахилгаан эрчим хүчний барааны экспортын татварыг нэмсэнтэй холбогдуулан тус гурван улс руу нийлүүлж буй эрчим хүчнийхээ үнийг долоон хувиар нэмэх шаардлагатай болсон. Энэ тухайгаа түншүүддээ хэдийнэ мэдэгдсэн хэмээн тус хэвлэлд мэдээлжээ.
Энэ мэдээллийн дагуу бид Монгол Улсын Эрчим хүчний яамтай холбогдлоо. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Диспетчерийн үндэсний төвд тийм мэдээлэл ирээгүй байна. Манай улс өвлийн горимоо эрт ярилцаж, гэрээгээ эрт байгуулаад хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байгаа. Оросын талаас үнээ нэмсэн бол манай Диспетчерийн үндэсний төвд заавал мэдэгдэх ёстой. Одоогоор тийм мэдээлэл байхгүй" гэсэн хариултыг өглөө.
Оросын талаас нийлүүлэгч улсууддаа хэдийнэ мэдэгдсэн хэмээн мэдээлсэн ч Монголын тал энэ тухай огт мэдээлэлгүй байна. Нэмэгдэлтэй үнээр эрчим хүч авахгүй бол нийлүүлэлтийг зогсоож ч болзошгүйг оросууд мэдэгдээд буй.
Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |