ОХУ-ын Засгийн газар есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн бензин, дизель түлшний экспортод түр хугацааны хязгаарлалт тавихаар болсноо зарлалаа. Энэ шийдвэр бүхий тогтоолд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зурсан байна.
Энэ шийдвэрийн дагуу биржийн арилжаанаас худалдан авсан болон бусад замаар нийлүүлэгдэх бензин, дизель түлшийг Оросоос экспортлохыг хориглох бөгөөд энэ нь дотоодын зах зээлийг тогтворжуулах зорилгоор гаргасан шийдвэр аж. Түр хугацаанд үйлчлэх энэ хязгаарлалтын ачаар түлшний зах зээлийг хангах, тэр дундаа дотоодын хэрэглэгчдэд хүрэх бензин, түлшний үнийг бууруулах боломж олгоно гэж Оросын Сайд нарын танхимын мэдэгдэлд өгүүлжээ.
Оросын эрх баригчид энэ хориг түр хугацааных хэмээн мэдэгдсэн ч энэ шийдвэр ямар хугацаанд үйлчлэх талаарх тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
ОХУ-ын Засгийн газраас гаргасан баримт бичигт өгүүлснээр, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу түлш нийлүүлэх, засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бусад орнууд руу түлш тээвэрлэх боломжтой юм байна. Евразийн эдийн засгийн холбоонд Армени, Беларусь, Казахстан, Кыргыз гэсэн орнууд багтдаг бөгөөд эдгээр орнууд бензингүй үлдэх аюулаас мултарч байгаа аж. Харин Монгол Улсын тухайд, баримт бичигт заасанчлан, засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу түлш нийлүүлэлтийн хоригт өртөхгүй үлдэх боломж бий эсэх нь тодорхойгүй. Ямартай ч энэ оны зун Оросын төрийн компани болох Роснефть манай улс руу нийлүүлэх түлшний хэмжээгээ ойрын саруудад нэмэгдүүлнэ гэж амлаж байв.
Үүний зэрэгцээ, нэгэнт байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ экспортлогчид биелүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, засгийн газрын шийдвэр гарахаас өмнө бусад улс оронтой бензин, түлш нийлүүлэх гэрээ байгуулсан бол түлшийг хэвийн горимоор нийлүүлэх боломжтой, түлшний тээвэрлэлтийг ямарваа нэг байдлаар зогсоохгүй аж.
Энд дуулгахад, сүүлийн саруудад Орос даяар бензиний үнэ эрс нэмэгдсэн байна. Энэ нь түлшний хомстол үүссэн гэх яриа гарах шалтгаан болсон юм. Харин ОХУ-ын дэд сайд Александр Новак Орост түлшний хомсдол нүүрлээгүй, зах зээлийг хангах асуудал урьдаас шийдэгдсэн, түлшний бөөний үнэ буурч, зах зээл тогтворжиж байгаа гэж мэдээлж байлаа. Үүний дараа, есдүгээр сарын 20-ны өдөр "Газпром нефти"-ийн захирал Александр Дюков мэдэгдэл хийхдээ, ОХУ-д түлшний хомсдол нүүрлэж болзошгүй хэмээн онцолсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |