Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудлаар Путинтэй уулзахаар зэхэж байна
2023-09-05

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш зэр зэвсгийн нөөц нь ихээхэн хумигдаж, улмаар Иран, Хойд Солонгос зэрэг улсаас зэвсэг нийлүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх болсон талаарх мэдээлэл удаа дараа гарч байлаа. Ираны хувьд Орос руу камиказе дрон нийлүүлж байгаа бол Хойд Солонгосоос их бууны сум зэрэг зэвсэг авахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл хэдэнтээ гарсан ч тэр бүрд ОХУ, Хойд Солонгос үгүйсгэж байв. 

 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу долдугаар сарын 25-ны өдөр Пхеньянд айлчлах үеэрээ талууд зэвсэг нийлүүлэлтийн асуудлыг ярилцсан, цаашлаад өөр төлөөлөгчид тун удахгүй Хойд Солонгосыг зорьж, энэ асуудлыг дараагийн шатанд хэлэлцэхээр болсон гэж барууны тагнуулын төлөөлөгчид мэдэгдэж байсан юм. Энэ удаад гарсан мэдээллээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Владимир Путинтэй уулзаж, ОХУ руу зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэхээр ойрын үед Оросыг зорихоор төлөвлөж байна гэж Вашингтон мэдээлжээ. 

 

Украинд дайн явуулж буй Оросын армид зэр зэвсэг нийлүүлэх тухай нууц хэлэлцээрийг ОХУ БНАСАУ-тай хийж байна гэж Цагаан ордон өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байлаа. 

 

"Бид урьдчилан анхааруулж байсанчлан, Орос, БНАСАУ-ын хооронд зэвсэг нийлүүлэх хэлэлцээ идэвхтэй урагшилж байна. Ким Жон Ун Орост төрийн тэргүүнүүдийн түвшинд дипломат хамтын ажиллагаа, зэвсэг нийлүүлэх хэлэлцээг үргэлжлүүлэхээр Ким Жон Ун төлөвлөж байгаа тухай мэдээлэл бидэнд байна" гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Эдриенн Уотсон мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Ким Жон Ун айлчлал төлөвлөж байгаа талаарх мэдээллийг анх Нью-Йорк Таймс сонин даваа гарагт дамжуулсан юм. Энэ сонинд мэдээлснээр, хилийн чанад руу тун ховорхон аялдаг Ким Жон Ун хуягласан галт тэргээрээ Владивосток руу явж, есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд болох Дорнын эдийн засгийн форумын хүрээнд Путинтэй уулзахаар зэхэж байгаа гэнэ. 

 

"Путин Кимийг Орост артиллерийн сум, танк эсэргүүцэх пуужин нийлүүлэхийг ятгах хүсэлтэй бол Ким Орос улс Хойд Солонгост хиймэл дагуулын дэвшилтэт технологи, атомын шумбагч онгоц нийлүүлэхийг хүсэж байгаа" хэмээн тагнуулын эх сурвалж Нью-Йорк Таймс сонинд ярьжээ. Түүнчлэн Хойд Солонгос Оросоос хүнсний тусламж авах хүсэлтэй байгааг онцолсон байна. 

Ким Жон Ун ОХУ-д айлчлахаар болсон гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор 2006-2008 онуудад БНАСАУ-д Британийн элчин сайдын алба хашиж байсан Жон Эверардаас ВВС агентлаг байр суурийг нь сонирхоход тэрбээр "одоо Ким Жон Ун Орост айлчлахгүй ч байж магадгүй" хэмээсэн байна. 

 

"Ким Жон Ун хувийн аюулгүй байдлын асуудал дээр туйлын параноик хүн. Тэр аль нэг газар руу явснаа нууцлахын тулд боломжит бүхнийг хийдэг. Ким Путинтэй уулзахаар Владивосток руу явахаар төлөвөлж байгаа гэсэн мэдээлэл ил болсон бол тэр зүгээр л энэ айлчлалаа цуцалчихна" хэмээн Жон Эверерард үзэж байгаа аж. 

 

Энд дуулгахад, ОХУ Хойд Солонгосоос хэдэн сая сум авсан гэх мэдээллийг өнгөрсөн оны намар л Америкийн хэвлэлүүд дамжуулж, харин ОХУ, БНАСАУ үүнийг няцааж байв. ХаринОрос, БНАСАУ-ын хоёр талт харилцааг өргөжүүлэх аливаа хэлэлцээр нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчинө гэсэн хамтарсан мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт АНУ, Их Британи, Өмнөд Солонгос, Япон гаргаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иванууд алингаа алдаж бна аа.
2023-09-05
зочин:
Дээрэмчин Америк тэргүүтэй барууны тархи угаалт. Дээрэмчин Америкууд Орос, Хятадыг муулж 30 жил монголчуудын тархийг угаав.
2023-09-05
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-05