Лхагва гарагийн үдэш Оросын Тверь мужид "Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожиний хувийн онгоц сүйрч, онгоцонд байсан 10 хүн амиа алдсан юм.
ВИДЕО: Пригожин онгоцны ослоор амиа алджээ
Пригожин болон Вагнерын дээд командлагчид онгоцны ослоор амиа алдсаны дараа энэ компанийн Африк, Украин, Ойрх Дорнод дахь хөлсний цэргүүдийн үйл ажиллагаа цааш хэрхэх нь тодорхойгүй болсон талаар Washington Post сонин бичсэн байна.
Сонины нийтлэлд өгүүлснээр, Пригожин хилийн чанадад Кремлийн ашиг сонирхлыг төлөөлсөн асар том орон зай бий болгож чадсан бөгөөд одоо үүнийг Владимир Путин хяналтдаа авахаар хичээж байгаа аж.
Вагнер компани хөлсний цэргүүдээ авторитар дэглэмийг дэмжих эсвэл босогчдын бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Төв Африкийн БНУ, Мали, Сири, Ливи, Суданд оруулсан юм. Харин одоо компанийн үүсгэн байгуулагч Пригожин, түүний туслах Дмитрий Уткин болон Валерий Чекалов нар амиа алдсанаар олон мянгаар тоологдох вагнерчууд дэлхийн олон оронд гацжээ.
Тэдний хувь заяа Путин болон Оросын Батлан хамгаалахын удирдлагуудын гарт орж, тэд л чухамхүү нэ бүлэглэлийг хадгалж үлдэх, эсвэл тараах асуудлыг шийдэхээр болж байгаа юм.
Английн Эксетерийн их сургуулийн профессор Дэвид Льюисийн өгүүлснээр Пригожин амиа алдсанаар Вагнерын төгсгөл ирж байгаа гэнэ. Пригожин маш чадварлаг, мэргэжлийн өндөр ур чадвартай менежер байсан, түүнийг орлох ямар ч боломжгүй гэж тэрбээр WP сонинд ярьжээ.
Энд дуулгахад, Пригожиний онгоц сүйрсэн шалтгаан хараахан тодорхой болоогүй байна. Шинжээчид, ажиглагчид, судлаачид болон олон нийт төрөл бүрийн таамаглал дэвшүүлж байгаагийн дотор онгоцон дотор дэлбэрэх төхөөрөмж суурилуулсан, Оросын арми газар -агаар ангиллын пуужингаар харвасан зэрэг олон таамаглал багтаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |