Лхагва гарагийн үдэш Тверь хотын ойролцоо Embraer Legacy 600 хувийн онгоц сүйрчээ. Энэ онгоц агаарт байхдаа дэлбэрсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, энэ хувийн онгоц Вагнер группийн эзэн Евгений Пригожинийх байсан гэнэ. Түүнчлэн Евгений Пригожин гэсэн овог, нэртэй хүн сүйрсэн онгоцны зорчигчдын нэрсийн жагсаалтад байсан гэж Оросын агаарын тээврийн газар мэдээлжээ. Тус газрын мэдээлснээр, энэ онгоцонд нийт долоон зорчигч, хөлгийн багийн гурван гишүүн явж байсан гэнэ. Ослын улмаас нэг ч хүн амьд гараагүй аж.
Хэдийгээр онгоцны ослоор хувийн онгоцны зорчигч, хөлгийн багийн гишүүд бүгд амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан ч Евгений Пригожин амиа алдсан гэх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Түүний үхлийн талаар хэд хэдэн хэвлэл, тэр дундаа Пригожинд ойр эх сурвалжууд дамжуулжээ.
Тухайлбал, Вагнер группийн удирдлагад ойр, Grey Zone телеграм суваг лхагва гарагийн үдэш "ОХУ-ын Баатар, жинхэнэ эх оронч Евгений Викторович Пригожин Оросын урвагчдын үйлдлийн улмаас амиа алдлаа. Тэр тамд чсон ч хамгийн шилдэг нь байна" хэмээн мэдээлсэн байна. Мөн Вагнерын удирдагчийн үхэлд Вагнерын хөлсний цэргүүдийн нэгдүгээр командлагч Дмитрий Уткинийг буруутгажээ.
Харин Царьград сонин энэ онгоцны ослоор, өөр эх сурвалж урвагчдын тоонд багтаасан Уткин ч амиа алдсан хэмээн мэдээлжээ. Мөн Запорожийн эзлэн түрэмгийлэгч захиргааны ерөнхий зөвлөлийн гишүүний алба хашдаг Владимир Рогов лхагва гарагийн үдэш Пригожин болон Уткин нар онгоцны ослоор амиа алдсан гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр мэдэгдсэн байна.
Онгоцонд зорчиж явсан хүмүүс
Эх сурвалжуудын мэдээлснээр, сүйрсэн онгоцонд Уткин, Александр Тотмин, Сергей Пропустин, Евгений Макарян, Валерий Чекалов, Николай Матусеев нарын хүмүүс зорчиж явсан гэнэ. Эдгээр нь Пригожиний хамтран зүтгэгчид бөгөөд Чекалов Пригожинтой холбоотой компанийн эзэн байсан аж. Онгоцны хөлгийн багийг Алексей Левшин даргалж, хоёрдугаар нисгэгч нь Рустам Каримов байсан бол онгоцны үйлчлэгчээр Кристина Распопова ажиллаж байжээ.
Онгоц сүйрсэн талаарх мэдээлэл, лхагва гарагийн үдэш, Москвагийн цагаар 19:20 цагт гарсан байна. Гэрчүүдийн авсан дүрс бичлэгээс харахад онгоц агаарт байхдаа хэдэн хэсэг болж, онгоцны хэлтэрхийнүүд газарт унаж байжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Оросын агаарын тээврийн газар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Пригожин сүйрлээр амиа алдсан уу, "ихэр нь байв " уу?
Энэ ослоор чухамхүү Пригожин өөрөө амиа алдсан гэдэгт зарим эх сурвалжууд эргэлзэж байна. Учир нь Пригожин болон Уткин нар өөрсөдтэйгээ адилхан хүмүүсийг ихээхэн ашигладаг гэнэ.
Медуза агентлагийн мэдээлснээр, тэдэнтэй адилхан хүмүүсийн нэр, овгийг албан ёсоор сольж, Евгений Викторвич Пригожин болон Дмитрий Вальеревич Уткин нарын нэр дээр паспорт авч өгдөг аж.
Пригожиний дүрд "тоглож" байсан Леонид Красавин гэх хүн байсан бөгөөд Пригожин хоригт орсон үед чухамхүү тэр түүний оронд Литва руу явж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Г.Бямбасүрэн