Атлантын тэнгист шумбагч аппаратанд сууж тэнгисийн ёроол руу шумбасан жуулчдыг эрэн хайх ажил үргэлжилж, энэ зуур шумбагч аппаратын хүчилтөрөгч гуравхан өдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл энэ долоо хоногийн эхээр гарч байв. Жуулчдыг суулгасан шумбагч аппарат тэнгисийн ёроолд байх Титаник хөлөг онгоцыг үзэхээр далайн гүн рүү шумбасан ч холбоо тасарсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм. Энэ шумбагч аппаратад таван хүн байсан аж. Тэдний дунд агаарын техникийн худалдааны компани эзэмшдэг Британийн тэрбумтан Хэмших Хардинг байсан гэнэ.
Шумбагч аппаратыг эрэн хайх ажлыг АНУ, Канадын цэргийн алба хаагчид явуулж, тэдэнд далайчид ч туслаж байв. Харамсалтай нь зургадугаар сарын 22-нд Титан шумбагч аппарат сүйрсэн байхыг далайн ёроолоос олжээ. Ингээд дотор нь байсан таван хүн бүгд амиа алдсан байна.
АНУ-ын Эргийн хамгаалалтын мэдээлснээр Титаник хөлөг онгоцыг үзэхээр далайн ёроол руу шумбасан Титан шумбагч аппаратын сүүлний хэсэг, мөн 3800 метрийн гүнд байх Титаник онгоцны хамар хэсгээс 500 метрийн зайд шумбагч аппаратын бусад хэлтэрхийнүүдийг олжээ. Хэлтэрхийнүүдээс харахад дэлбэрч сүйрсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд гэхдээ сүйрлийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа гэнэ.
Үүний дараа, Титан шумбагч аппаратыг эзэмшдэг OceanGate экипажийн бүрэлдэхүүн амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.
"Эдгээр хүмүүс адал явдалд тэмүүлдэг, Дэлхийн далайг судлах, хамгаалах чин эрмэлзэлтэй жинхэнэ судлаачид байлаа" хэмээн мэдэгдэлд онцолсон байна.
Хөлөгт хэн, хэн байв?
Шумбагч аппаратад жолоодогч, гурван жуулчин, хөтөч гээд таван хүн байжээ. Тодруулбал, 59 настай Британийн бизнесмен, аялагч Хэмиш Хардинг, Пакистаны бизнесмен Шахшада Давуд болон түүний хүү Сулеман гэсэн гурван жуулчин, мөн шумбагч аппаратыг эзэмшдэг OceanGate компанийн ерөнхий захирал Стотктон Раш, аппаратыг жолоодогч, Францын цэргийн шумбагч асан, Титаникийг судлаач Поль-Анри Наржоле нар байжээ.
Таван хүний бүрэлдэхүүнтэй шумбагч аппарат ням гарагийн өглөө далай руу шумбаснаасаа хойш 1 цаг 45 минутын дараа холбоо тасарсан аж. Ингээд даваа гарагийн өглөө АНУ-ын Эргийн хамгаалалтын контр-адмирал Жон Могер эрлийн ажил эхлэснийг зарлаж, алслагдсан бүсэд эрэн хайх ажил явуулах нь нэн хүнд сорилт хэмээн ноцолж байв.
Шумбагч аппаратыг хайхад эхлээд цахилгаан аппарат ашиглаж байсан бол дараа нь, мягмар гарагт жолоодогчгүй шумбагч аппаратыг далайн гүнрүү оруулсан байна. Улмаар Эргийн хамгаалалт шумбагч аппаратыг усны гадаргуу дээрээс хайхын тулд хоёр С-130 Геркулес онгоц хөөргөсөн бол удалгүй Канадын С-130, Р8 онгоцууд эрлийн ажилд нэгджээ.
Далайн ёроол руу хийсэн аяллын бүрэлдэхүүнд багтсан Хэмиш Хардинг бол хувийн онгоцны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, Дубайд төвтэй Actio Aviation компанийн тэргүүн юм. Харин Пакистаны бизнесмен Давуд Пакистаны чинээлэг эгр бүлээс гаралтай, тэрбээр хүүгийнхээ хамт далайн ёроол руу хийсэн аялалд гарчээ.
Титаник онгоцны үлдэгдлийг харах далайн гүний энэ аялалд гарахын тулд тэд тус бүр 250 мянган доллар буюу монгол мөнгөөр тооцвол 874 сая төгрөг төлсөн байна. Шумбагч аппарат далайн ёроол руу шумбаж, Атлантын далайн ёроолд 3800 метрийн гүнд байгаа Титаникийг харж, эргээд усны гадаргуу руу гарч ирэхэд нийтдээ найман цагийг зарцуулдаг байна.
Титаник, Титаныг холбосон өөр нэг сэжим
Титаникийг зорьсон Титан шумбагч аппаратын сүйрэлтэй холбоотой, хачирхалтай хийгээд гунигтай давхцлын талаар хэвлэлүүд мөн мэдээлж байгаа юм. Тодруулбал энэ аппаратыг эзэмшдэг OceanGate компанийн ерөнхий захирал Стоктон Рашийн эхнэр Венди Раш Титаник хөлөг онгоцонд зорчин явсан хамгийн баян зорчигч хосын жич охин аж.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, Венди Раш Macy's их дэлгүүрийн эзэн Исидор Штраус болон түүний эхнэр Ида нарын үр сад гэнэ. Энэ хос 1912 онд Титаникийн сүйрлээр амиа алджээ. Титаникийн сүйрлийн үеэр нэгэн чинээлэг эр эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суулгахын тулд өөрөө аврах завинд суухаас татгалзсан бол эхнэр нь нөхрөө орхихыг хүсээгүй хамтдаа үлдсэн гэсэн домог мэт яриа байдаг. Чухамхүү энэ ярианы эзэд нь Исидор болон Ида нар аж. Тэд хөлгийн тавцан дээр гараа хөтлөлцөн зогсож байсан гэдэг.
Штарусынхан Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлээр зорчиж байжээ. Тэд хамтдаа 40 жил амьдарсан аж. Сүйрэл болсноос хоёр долоо хоногийн дараа Исидорын цогцосыг олсон бол Идагийн цогцос олдоогүй аж.
Штраусынхны тухай гэрчүүдийн дурсамж яриа найруулагч Жеймс Кэмеронд киноны нэг хэсгийн үзэгдлийн санааг өгсөн гэдэг. Тодруулбал, өрөөнд нь ус халин орж ирж байхад нэгнээ тэврэн орон дээр хэвтэж байгаа хижээл насны хосын дүрээр Штраусынхны дурсгалыг мөнхөлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |