Гүн хөх цуурай үзэсгэлэн: Бүтээгчийн ертөнцийг үзэх үзэл болоод тэдний философи
2023-06-05

 

МУСТА, МУЭ-ийн зураач, СУИС-ийн Дүрслэх Урлагийн Академийн Уран зургийн багш, Судлаач З.Түмэнжаргал. Монголын Урчуудын Эвлэлийн зураач, уран бүтээлч Б.Баярцэнгэл нарын “Гүн хөх цуурай” үзэсгэлэнгээс...

 

З.Түмэнжаргал " Ёсөн" 40*35*20 холимог техник

 

Агуулгыг тээсэн, нүүдэлчдийн алсарч буй өв соёл нь бидний оюун санаанд өгөгдсөн мэдээ мэдээллүүд эрт ба эдүгээг холбож ухамсаргүйгээр  энэ  цагт  тусгалаа  олох  өрнөл  үзэгчдийг угтах юм.

 

З.Түмэнжаргал " Чинад огторгуйн дуудлаг" холимог техник, саунд арт.

 

З.Түмэнжаргал бүтээлдээ Ертөнц, Тэнгэризмийн үзэл санааг тусган илэрхийлж дүрсэлсэн нь “Тоон болон дүрсийн хэллэг, өнгө судлал, оньс утга, харагдах давтамж, цэг, гурвалжин, дөрвөлжин таван цуврал ажилдаа нэгтгэж өгсөн нь сонирхолтой санагдлаа. 

 

Бүтээгчийн ертөнцийг үзэх үзэл болоод түүний философи

 

З.Түмэнжаргал " Тэнгэр, газар, хүн" холимог техник  152*101

 

- Таны бүтээлүүд ихэнх нь материал сонголтоор дамжин өвөрмөц хэллэг бүхий ажлууд харагдаж байна. Эндээс ажиглахад байгалийн гаралтай материал олонтоо сонгожээ?

 

- 2009 оноос эхлэн материалын судалгааг туршилттай хослуулан хийсээр ирсэн. Үүнд Малын гаралтай: Түүхий эдийг боловсруулах хийгээд хурганы арьс, адууны дэл сүүл, туурай, яс гэх мэт. 


Байгалын гаралтай: Мод, чулуу, төмөр гэх мэт зүйлсийг хослуулан бүтээсээр ирсэн. Үүнд Арга ажиллагааны хувьд материалын эрэлхийллийг олон талт орчин үеийн контемперари, инстиляц /өрөг урлаг/, саунд арт, перформенс /үйлдлийн урлаг/ -ийг хослуулж бүтээдэг. Тасралтгүй туршиж, давхар судалснаар бүтээл хийх явц маань илүү сонирхолтой, дэвшилттэй болсоор байна.


Агуулга санаа нь бүтээлийн амин сүнс бөгөөд тэрхүү сүнслэг, амьдлаг шинж чанарыг илэрхийлэхэд байгаль, амьтны гаралтай материалуудаа зөв сонгож хэрхэн зөв боловсруулж ямархуу шийдлээр уялдуулахаас гадна сэтгэн бодож, задлан шинжих нь нэн чухал үйл гэж ойлгодог.

 

З.Түмэнжаргал " Таван өдөр" 50*50 холимог техник

 

- Та энэ төрлөөр ямар амжилт үзүүлсэн бэ?


- Энэ төрлөөр Монгол Солонгосын хамтарсан  үзэсгэлэнгээс шилдэг бүтээл “Гран При” шагнал авсан. “Есөн” хэмээх хурганы арьсаар хийсэн бүтээлээр оролцсон. Урилгаар Солонгосын Тэжон хотод арт хөтөлбөрт хамрагдан бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан.


Зураач урчуудын хамтарсан “Цагаан Алт” үзэсгэлэнгээс шилдэг “Кашмер Арт”  “Гран При” шагнал хүртсэн. “Улаан” хэмээх саунд арт, үйлдлийн урлагтай хосолсон ноос ноолуураар хийгдсэн ажил байсан. Энэ төрлөөр Урлаг судлалын судалгааны зэрэг хамгаалсан Бүтээлүүд маань Америк, Итали, Солонгос, Австрали улсын хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа.

 

Б.Баярцэнгэлийн “Гурван цагийн хэлбэр” бүтээл өөрийн эрхгүй Хайр, Дотно-чинад, Дорнын өнгө аясыг санагдуулж байлаа.

 

Б.Баярцэнгэл  “Гурван цагийн хэлбэр”  холимог техник 140*130


- "Гурван цагийн хэлбэр” бүтээлийн түүхийг бидэнтэй хуваалцана уу?


- Говь нутгийн хатуу гундуу хаврын нэг өдөр байсан санагдаж байна. Ээж минь миний багадаа өмсөж байсан жижигхээн ягаан баривчийг надад өгч билээ. Энэ баривч миний бага нас, надтай холбоотой бүхий л дурсамжуудыг энэ цагт тээж ирсэн. Хайр, санагалзал... мэдээлэл болон эхлэл, өрнөл, ирээдүй  хэмээх энэ гурван цагийн урсгалыг нэгэн бүхэл хэлбэрт багтаах өгөгдөлүүд намайг өөрийн эрхгүй бүтээгч болгосон. 

 

 

- “Гүн Хөх цуурай” үзэсгэлэнгийн нэрийн тухай ?


- Хоёр өөр ертөнц. Хоёр зэргэлдээ ертөнцийн дуу чимээ хаа нэгтээ огтлолцох агшин бөгөөд нөгөө талаасаа хайр, мэдрэмж, мэдээлэл, байгаль, огторгуй, оршихуй, далд ухамсар, эсрэгцлийн давтамжууд.

 

Б.Баярцэнгэл "Eterno In Me" холимог техник 140*130

 

-Ярилцсанд баярлалаа 

Shuud.mn
Сонин хачин