Хятадад ирэх зургадугаар сарын сүүлээр коронавирусийн хоёр дахь давалгаа тохионо гэж шинжээчид анхааруулжээ. Сүүлийн үед коронавирусийн халдвар нэмэгдэх болсон нь шинэ дэд хувилбартай холбоотой гэж эрдэмтэд мэдэгдсэнийг SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр Хятадад коронавирусийн халдвар дахин өссөн байна. Халдварын өсөлт нь ХВВ дэд хувилбар тархсантай холбоотой бөгөөд Хятадад бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлуудын 84 хувь нь энэ хувилбараар үүсгэгдсэн байсан гэнэ. Энэ талаар Хятадын Инженерийн шинжлэх ухааны академийн академич, амьсгалын замын өвчний мэргэжилтэн Жун Наньшань Гуанжоуд болсон биотехнологийн эрдэм шинжилгээний хурлын үеэр мэдэгджээ.
Цаашлаад энэ халдварын тархалт улам нэмэгдэнэ гэж эрдэмтэн анхааруулсан байна.
Эрдэмтний үзэж байгаагаар, тавдугаар сарын сүүл гэхэд долоо хоногт 40 сая халдвар бүртгэгдэж, зургадугаар сарын сүүл гэхэд энэ тоо эрс өсөж, долоо хоногт 65 сая тохиолдол болон нэмэгдэх аж.
Хятадын эрх баригчид ХВВ дэд хувилбараас сэргийлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авч, хоёр вакциныг бүртгэсэн байна. Энэ улсад 2023 оны нэгдүгээр сард хатуу хязгаарлалтыг цуцалсны дараа өвчлөлийн тархалт эрс нэмэгдсэн юм. Халдварын тохиолдлын тоон мэдээллийг албан ёсоор нийтлээгүй бөгөөд гадаад орнуудын шинжээчийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтээр, 2023 оны нэгдүгээр сард өдөр бүр халдварын дөрвөн сая тохиолдол бүртгэгдэж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |