ОХУ Монголыг чиглэсэн зорчигч тээврийн чиглэлүүдийг нэмсээр байна. Оросын агаарын тээврийн компани болон төмөр замын компани Эрхүү-Улаанбаатарын чиглэлд тогтмол нислэг, галт тэрэгний аялал явуулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргаж байсан бол энэ удаад Оросын өөр нэг хотоос Улаанбаатар руу тогтмол нислэг үйлдэхээр болжээ.
Байкал дейли сонины мэдээлснээр, Оросын "КрасАвиа" агаарын тээврийн компани Красноярск хотоос Улаанбаатар руу үйлдэх шууд нислэгийн тийзээ худалдаалж эхэлсэн байна. Нислэгийг тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн долоо хоног бүр тогтмол үйлдэнэ гэж компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Красноярск-Улаанбаатар чиглэлийн нислэгийг ATR-42 онгоцоор үйлдэх бөгөөд Краноярскаас 23.55 цагт хөөрч, 3 цаг 25 минут нисэн Улаанбаатарт газардах аж. Харин Улаанбаатараас 05.40 цагт хөөрч, 3 цаг 30 минут нисэн Красноярск хотод газардах юм байна.
Энд дуулгахад, Оросын "ИрАэро" компани дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ нислэгийг "Супержет-100" онгоцоор үйлдэх аж.
Г.Бямбасүрэн