Оросын сэтгүүлч, зохиолч Ольга Тамайогийн хувьд Монголын нийслэл жинхэнэ нээлт болжээ. Өмнө нь Улаанбаатарыг гурван өнгөөр дүрсэлж байсан тэрбээр энэ удаад Улаанбаатарын гурван амтыг онцолсон байна.
Жуулчны тэмдэглэл: УЛААНБААТАРЫН ГУРВАН ӨНГӨ
МАХНЫ АМТ
Зөөлхөн, амттай мах аманд ороод л хайлах мэт. Энэ хосгүй хоолны амт олон наст ургамлын иш, шинэхэн өргөст хэмхний желе, тансаг төмсний нухашны амтыг ч дарна. Дээд зэрэглэлийн зоогийн газарт л өгөх энэ хоолыг би хаана амталж үзсэн гэж бодно? Парисын Сен-Жермен гудамжинд уу? Эсвэл Хонконгийн зоогийн газарт уу? Аль эсвэл Москвагийн тансаг газарт уу? Үгүй дээ. Ийм сайхан таашаалт амтыг Улаанбаатарт мэдэрсэн юм. Ядмаг мэдээллээс үүдэлтэй тааруухан төсөөлөлтэй гадаадын иргэд /би ч бас анхандаа тэдний нэг байсан/ монгол хоолыг нүүдэлчдийн энгийн, болхи хоолоор төсөөлдөг. Гэтэл энд дээд зэрэглэлийн хоолны урлагаар гайхшруулна.
— Энэ бол монгол тугалны мах гэж Улаанбаатарын нэгэн зоогийн газрын эзэн бахархалтайгаар хариулсан юм.
Хоолны урлаг, зоогийн газрын бизнесийн салбарын мэргэжилтэн тэрбээр Швейцар, Францад мэргэжлээрээ суралцаад иржээ. Тэр намайг хооллох зуур монгол амтны ертөнцөд хөтлөх хөтөч болохоор зөвшөөрсөн юм.
— Монголчууд бидэнд бахархах зүйл олон бий шүү. Мах болон бусад хүнс экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг. Гэтэл бусад орнууд ийм цэвэр бүтээгдэхүүн олж авах гэж ихээхэн хүчин зүтгэл гаргадаг шүү дээ. Бидний өдөр тутмын амьдралд өнө эртнээс уламжлагдан ирсэн хэв маягууд хадгалагдпан үлдсэн. Гэхдээ 2009 оноос Монгол улс гадаад ертөнцөд улам нээлттэй болж, ингэснээр хоолны салбарт ч өөрчлөлт орж, нүүдэлчдийн уламжлалт гал тогооны олон зуунаар дамжсан уламжлал дотроо эргэлдэх биш бүтээгдэхүүн боловсруулах шинэ технологиудад суралцаж эхэлсэн. Тухайлбал, одоо зоогийн газруудаас бүрэн болсон биш харин төрөл бүрээс шарсан мах захиалж болно хэмээн тэрбээр ярьсан юм.
Тансаг зоогийн газраас холдож, тэнгэрээс газарт бууж, сонгинотой татсан мах үнэртэх буузны гуанз эсвэл энгийн нэг кафед ороод зүсэм хонины мах захиалвал, эсвэл ойролцоох захын махны хэсэгт очоод үхрийн хэл авч, гэртээ энгийн аргаар чанахаар боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд Еврази дахь хамгийн амттай махтай гэдгээрээ Улаанбаатар намайг баярлуулна. Би хэтрүүлээгүй, бодит байдлыг л хэлж байна. Хоол хийх цаг завдал гарахгүй бол ойролцоох супермаркет орж, монгол чанасан үхрийн мах эсвэл хонины хэл авчихна (эдгээрийг нэг порц болгон идэхэд тохиромжтой байдлаар савласан байдаг юм). Бэлчээрт идээшлэсэн малын ийм сайхан мах байхад Орос, Герман эсвэл Солонгосоос ирсэн хиам, зайдаснууд миний анхаарлыг огтхон ч татахгүй. Ийм зайдас, хиамнууд амт, үнэр, экологийн цэвэр байдлаараа Монголынхыг яагаад ч гүйцэхгүй, энэ бол миний л бодол.
Махны талаар ярьж байгаа үед жимс ногооны талаар ярихгүй өнгөрч боломгүй. Махан хүнстэн энэ хот ногоон хоолтнуудад ч нөхөрсөг. Одоо цагт энд веган кафед суух эсвэл зоогийн газрын цэснээс ургамлын гаралтай хоол олж идэх нь нэн хялбар. Харин хүнсний томоохон захуудад дотооддоо ургуулсан сонгиноос эхлээд хятад гоньд, алим жимснээс эхлээд халуун орно манго гээд төрөл бүрийн ногоо бий. Хятад, Солонгос, Монголд хүлэмжинд ургуулсан өргөст хэмхнүүдээс хамгийн амттай нь мөн л Монголынх. Мөн монгол махтай нэн зохицно.
СҮҮНИЙ АМТ
Сүү, тараг, аарц, ааруул, цөцгий...Улаанбаатарын дэлгүүр, захуудад байгаа сүүн бүтээгдэхүүн энэ төрлийн бүтээгдэхүүнийг эртнээс нааш хэрэглэж ирсэн бусад орнуудынхаас онц ялгаагүй. Сүү, цөцгий, йогурт зэрэг бүтээгдэхүүнд Орос, Франц, Туркэд ч ихээхэн дэлгэсрэн, тэр бүү хэл сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээрээ Япон улс ч ихээхэн дээгүүрт жагсдаг.
Гэхдээ гагцхүү Монголд л аарц гэх тансаг амттай идээ, шаржигнасан ааруул идэх боломж одсон юм. Анхаараарай! Бид энд үнээний сүүг л ярьж байна. Гэтэл Улаанбаатарт гадаадын зочдыг гайхшруулах зүйлс бий. Жишээ нь айраг. Энэ бол нэн ховор, нэн ашигтай ундаа, түүнчлэн сарлагийн сүүний шар тос гэж бий. Үүнийг өөр орноос олох гээд үз л дээ!
ЧАЦАРГАНЫ АМТ
Чацаргана... Монголд гэж үү? Энд хаа сайгүй бий. Үүнийг хараад би анх үнэхээр гайхширч байлаа. Чацарганы ундаа, өтгөрүүлсэн шүүс бүх дэлгүүр, зах дээр лонхтой эсвэл уутанд савласан өрөөтэй л байна. Улаанбаатарын бараг бүх зоогийн газарт энэ ундааг хүйтнээр нь эсвэл чацарганаар хийсэн цайг цэсэндээ оруулсан байдаг. Шинэхэн чацаргана, эсвэл аль ч улиралд хэрэглэхээр хөлдөөсөн чацарган Монголын нийслэлийн хүнсний захуудад элбэг.
Манай нутгийн, Оросын, Сибирийн энэ жимстэй энд ингэж таарна гэж төсөөлсөн ч үгүй явлаа. Эндээс цангис, нэрс жимс ч олсон. Гэхдээ чацаргана хаа сайгүй худалдаалж байгаа нь үнэхээр гайхшруулсан юм.
Мах сүү бол эндэхийн цаг уурт тохирсон олон мянган жилээр хэрэглэсэн хоол хүнсний суурь бүтээгдэхүүн байдаг юм байж. Энэ бол ойлгомжтой. Гэтэл хаанаас энд чацаргана гараад ирэв ээ? Монголын өдөр тутмын хүнсэнд яагаад ийм том байр суурь эзлэх болов?!
Ийнхүү гайхаж байтал Улаанбаатарт ярилцсан хүмүүс чацарганы тухай миний асуултад өгсөн хариултууд мөн л гайхшруулсан юм. “Чацаргана энд байсаар л ирсэн”, “Энэ бол манай уламжлалт жимс”, “манайд олон янзын жимс ургадаг, хүмүүсийн хамгийн дуртай нь чацаргана” гэж нутгийн хүмүүс хариулж байлаа.
“Монголын хүнсэнд түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүний салшгүй хэсэг нь чацаргана. Тухайлбал, Оростой хиллэдэг Хөвсгөл аймаг гэхэд л чацаргана ихээр ургадаг гэдгээрээ эртнээс алдартай. Монголчууд амин дэм, бичил элементүүдийн эх үүсвэр, сайхан амт, үнэртэй энэ жимс, түүгээр хийсэн ундаанд дуртай байсаар ирсэн. Яваандаа энэ жимсийг цэцэрлэгт тариалах болсшон юм. Тиймээс энд алхам тутамд чацаргана таарч байгаад гайхах юмгүй” хэмээн Буян Дорж надад тайлбарласан юм.
Уншигчдад үнэнээ хэлэхэд, би чацарганад ч, цайнд нь ч, энэ жимсээр хийсэн чанамалд ч дургүй байсан. Монголд ирэхээсээ өмнө шүү дээ. Харин энд аль ч орноос илүү энэ жимсийг боловсруулж, бэлдэж чадах юм.
Ольга Тамайо /Зохиолч, сэтгүүлч/