Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгож, Л.Наранбаатарыг үйлдвэрийн захирлаар томилсон.
Ашигтай ажиллуулаад, алаад өгөөрэй гэж томилсон гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өөрийнхөө эзэмшил мэт тансаглаад авчээ. Ажилчид аудитын дүгнэлтийн дагуу Л.Наранбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй уулзаж зөвшилцсөн юм.
Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л. Энхбаатар
Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс нийт ажилчдын эрх ашиг буюу тухайн хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажилдээ ирэх эрхээ хамгаалах, ажил олгогчтой маргаан үүсгэх тал дээр хамтран ажиллаж зөвшилцөх эрхийн үүдэн дээрээс явдаг. Манай үйлдвэрийн нийт ажилчдын ажил хаялт одоогийн байдлаар байхгүй. Харин үйлдвэрийн процесс жигд бус үйл ажиллагаатай, захиргаа удирдлагын баг ажилчдынхаа нийгмийн асуудал, ахуйн хангамж, цалин хөлсний асуудал дээр маргаан үүсэх магадлалтай гэх асуудлаар явж байгаа юм.
Нэгдүгээрт гүйцэтгэх захирал Л.Наранбаатар буюу түүний удирдлагын баг өнөөгийн байдлаар 2022 оны урамшуулал буюу бүтээлийг 2023 онд дүгнээд 2,5 тэрбум төгрөгийг 176 инженер техникийн ажилчдад олгохоор төлөвлөсөн боловч одоог хүртэл олгоогүй учраас инженер техникийн ажилчдын бухимдлыг үүсгэх гол шалтгаан болоод байгаа юм.
Нийт ажилчдын эрхийг хамгаалах мөн нийт инженер техникийн ажилчдын шаардлага хүсэлтийг хүлээж авсан. Ингэснээр маргаашаас эхлэн Хөтөл цементийн үйлдвэрт хяналт шалгалтын ажлыг явуулахаар боллоо.
Бүхэл бүтэн тосгоны амьдралыг авч явдаг үйлдвэр. Энэ үйлдвэр маань удирдлагуудын зүгээс төлөвлөлт удаан байсан гэсэн үндэслэлээр 10 хоног ажиллаад зогссон байдаг юм. Цаашид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд цементээ нийлүүлэх хүндхэн болчхоод байгаа юм. Тийм учраас энэ үйлдвэрийн жигд үйл ажиллагааг хангаж, удирдлагын багыг сольж холих, мэдлэг боловсролтой инженерүүдийг ажилд авснаар үйлдвэрийн ажлын явц сайжирна гэсэн бодолтой байна.
Инженер /краны механик/ С.Рэнцэндондог
Бид дөрвөн шаардлагын дагуу хууль эрх зүйн хүрээн шаардлага тавьсан. Үүнд: Аудитын шалгалтын дүнг үндэслэж Л.Наранбаатар захиралд хариуцлага тооцох, Төрийн өмчийн хороог хуралдуулах, Компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг инженер техникийн чадвар өндөртэй ажилчдаас сонгох зэрэг шаардлага тавьсан.
Тавьсан шаардлагуудаа тайлбарлавал, Хөтөлийн цементийн үйлдвэр 40 жилийн түүхэндээ 10 гүйцэтгэх захирал нүүрийг үзсэн. Үүнд манай үйлдвэрийн инженер техникийн ажилчдаас гурав хүн байсан. Энэ гурван хүний ажиллаж байх хугацаанд үйлдвэрээ гэсэн чин сэтгэлтэй байсан харагдсан. Харин бусад гүйцэтгэх захирлуудын хувьд ямар нэгэн намын томилгоогоор л ирж буцдаг байсан. Л.Наранбаатар захирлын хувьд энэ хүмүүстэй агаар нэг байна. Тийм учраас ажилчдаа анхаардаггүй, уулзаж зөвшилцөх гэж гуйдаг ч хүлээж авдаггүй учраас өнөөдрийн энэ хэмжээнд хүрч байна.
Үүнээс цаашаа ямар нэгэн үйлдвэрийн эрх ашигтай холбоотой алдаа дутагдал гарах юм бол нийт ажилчид тэмцлийн хэлбэрт орох болно" гэсэн юм .
Ц.Наранцацрал