Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Үхэж болдоггүй хот Лонгйир буюу дэлхийн хамгийн өвөрмөц хотууд
2023-04-01

Дэлхий дээр өөр өөрийн өнгө төрх, өвөрмөц онцлогтой хотууд олон бий. Тэдгээрийн дунд үхэж болдоггүй хот, өөр хотыг бүрэн хуулбарласан хот, циркийн жүжигчдийн хот ч бий. 

 

Лонгйир: Үхэж болдоггүй хот 

 

 

Норвегийн Шпицбергенд байх Лонгйир хот дэлхийн хамгийн хойд хэсэгт оршдог, энд 1000 орчим хүн амьдардаг аж. Хотод сүм, АТМ, музей, шуудангийн салбар, нисэх буудал, их сургууль гээд хүний хэрэгцээт бүхэн бий. Гэхдээ эндэхийн нэг онцлог нь Лонгйирт үхэж болохгүй.

 

Хэн нэгэн өвдөж, эсвэл үхлийн ирмэг дээр тулвал түүнийг онгоцоор өөр газар руу аваачна. Энд нас барчихлаа гэхэд мөн л хотод оршуулахгүй. Энэ нь хэн нэгний маяг эсвэл сүнс, сүүдэртэй холбоотой биш. Лонгйир хот хэт хүйтэн уур амьсгалтай тул цогцос байгальд задардаггүйн улмаас нэн аюултай нөхцөл үүсгэх эрсдэлтэй гэнэ. Лонгйир хотоос нэгэн эрийн шарилыг олж судлахад 1917 онд дэгдсэн аюулт вирусийн тахлаас болж нас барсан нь тогтоогджээ. Тэр үеэс хойш энд хүмүүсийг оршуулахаа больсон гэнэ.

 

Өөр дүрмүүд ч энд бий. Тухайлбал гэрээс гарахдаа зэвсэгээ заавал авах ёстой. Учир нь энэ хотод тэндэхийн хүмүүсээс ч их цагаан баавгай байдаг аж. Мөн энэ нутагт байх ховор шувуудад аюултай гэж үздэг учраас оршин суугчид муур тэжээхийг хориглодог байна.

 

Өөр нэг сонирхолтой зүйл энд бий. НҮБ-ын ивээл дор Лонгйир хотод газар доор Дэлхийн үр тарианы агуулахыг байгуулжээ. Үүнийг дэлхийг хамарсан сүйрэл болсон үед ашиглах аж.

 

Гибсонтон: Циркчдийн хот

 

 

Америкийн Флорида мужийн Гибсонтон хот бол газар газрын циркчдийг татдаг нутаг. Эндэхийн хуулийн дагуу зэрлэг амьтад тэжээж, төрөл бүрийн үзүүлбэр үзүүлэхийг зөвшөөрдөг. 

 

1960-аад онд энэ хотод одой болон аварга биет хүмүүс, сахалтай эмэгтэйчүүд, сиамын ихрүүд зэрэг сонин содон төрхтэй хүмүүс цугларч байжээ. Энэ хотын домог болсон хүмүүс нь аварга биет Эл Томейни болон төрөлхийн хөлгүй Жинни гэсэн хос хоёр. Эл хайртай бүсгүй Жинниг ихээхэн асарч, халамжилдаг байсан гэх. Тэд дэлхийгээр хэрэн хэсүүчилж залхаад Гибсонтон хотод суурьшжээ. Эл 1962 онд таалал төгссөн байна. Түүний дурсгалд зориулан аварга том хэмжээтэй гутлын хөшөөг хотын талбай дээр байгуулжээ. 

 

Энэ хотод циркийн үзүүлбэр үзүүлж, хашаандаа бар сургахыг зөвшөөрдөг тул өнөө хэр нь циркийн жүжигчдийн баг хотод суурьшдаг аж.

 

Утопи хот

 

 

1968 онд 90 настай Мирра үзэл санаа нэгтнүүддээ хандан "Цэлгэр талд очин, шинэ Ауровиль хотыг байгуул" гэж хэлсэн гэдэг. Ингээд түүний үзэл нэгтнүүд Тамилнад мужид очин газар олсноор энэ хот үүсчээ. 

 

Ауровиль нь улс төр, үндэстнээс ангид амьдрах гэсэн зарчимтай. Энд өмч гэж үгүй, мөнгө ч ашиглахгүй. Боловсрол, эмнэлэг, спорт гээд бүгд үнэгүй. Энэ хотод 46 орны 2500 хүн оршин суудаг. Тэдний дунд хамгийн алдартай оршин суугч нь Дмитрий фон Мореншильд байсан бөгөөд тэрбээр эндэхийн орос оршин суугчдыг дэмжихэд ихээхэн хөрөнгө оруулж байжээ. 

 

Ауровиль хот нь "Ахан дүүс", "Өөрчлөлт" гэх зэрэг нийт 50 цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэнэ. Энд хүмүүс оршин сууснааса хойш хоёр сая орчим мод суулгаж, томоохон ойг бүтээжээ. Модон дунд явган хүний болон дугуйн зам байх бөгөөд моддын цаанаас хоёр эсвэл гурван давхар барилга үзэгдэнэ. Эндэхийн гудамж нэргүй, байшингууд нь дугааргүй байдаг гэнэ.

 

Энд амьдрахаар ирсэн хүмүүст хотын оршин суугчид ихээхэн болгоомжтой ханддаг аж. Туршилтад нэгдэх хүсэлтэй хүмүүс зочид буудалд эсвэл нутгийн оршин суугчийнд бууж, тойрон аялал хийж, лекц сонсон, барилгад хөрөнгө оруулж, тухайн амьдрах байр нь хотын өмчид үлдэнэ гэсэн гэрээнд гарын үсэг зурсны дараа энд үлдэж болно. Харин жуулчдад энэ хотынхон таагүй ханддаг. Энэ бол аялал жуулчлалын үзүүлбэр биш гэж дургүйцдэг гэнэ.

 

Нэгэн дээвэр дор бүгд амьдрах хот 

 

 

Аляскийн Уиттиер хотод 220 хүн амьдардаг. Тэд бүгд 1956 онд армийн казарм зориулалтаар барьсан 14 давхар орон сууцанд амьдардаг. Энэ барилгыг орон сууцны зориулалтаар ашиглах болсноос хойш цагдаагийн хэсэг, сургууль, шуудан, дэлгүүр, сүм, эмнэлэг гээд бүгдийг 14 давхар барилгад багтаажээ.

 

Уиттиер хот руу усан замаар эсвэл дөрвөн километр хонгилоор дамжих нэг урсгалт замаар очиж болно. Түгжрэл үүсгэхгүйн тулд хонгилын хаалгыг цаг тутамд нээж машинуудыг оруулж, гаргадаг бөгөөд харин шөнийн цагаар бүрэн хаадаг аж.

 

Хуулбар хот 

 

Хятадад барьсан хуулбар хот 

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Австрийн Гальштат хотыг бүрэн хуулбарласан хот 2012 онд Хятадын Гуандун хотод байгуулагджээ.

 

Хятадаад Гальштат хотыг нэг бүрчлэн хуулбарлаж, бүхий л байшин Австрийн барилгуудтай өнгө, архитектур нь адилхан байхаар бүтээсэн аж. Энэ хотыг байгуулахын тулд Австрийн хотыг өнцөг булан бүрээс нарийвчлан гэрэл зураг авч, жижиг хэсэг бүрийг судалжээ. Мөн хуулбар хотыг байгуулахдаа Гальштат хотын байрладаг нутагтай төстэй газар сонгон авсан байна. Энэ хотыг хувь хүн бариулсан бөгөөд 940 сая долларын санхүүжилт гаргажээ. 

Австрийн Гальштат хот 

Хятадад Гальштатын хуулбар бий болсон нь "ориг" хотын оршин суугчдад ихээхэн цочирдом мэдээ болсон гэдэг. Ийм хуулбар хот байгуулах гэж байгаагаа дуулган, зөвшөөрөл авчихаж болох л байсан гэж үзсэн оршин суугчид ихээхэн эсэргүүцэж байсан ч энэ хуулбар хот өөрсдөд нь ашигтай гэдгийг мэдсэнээр эсэргүүцэл намжжээ. Учир нь 2012 онд хуулбар хот байгуулагдсанаас хойш Хятадаас Гальштат хотыг зорих жуулчдын тоо 20 дахин өсчээ.

 

Гальштат бол хуулбар хотуудын анхны бөгөөд сүүлчийнх ч биш. Хятадад Германы Антинг, Британийн Дорчестерын хувилбарууд ч байдаг. Түүнчлэн Венец, Барселон, Копенгаген, Стокгольмын хорооллуудыг ч хуулбарлан бүтээсэн нь олонтаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин