Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк болон хөрш зэрэглдээ Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас энэ хоёр улсад 7000 гаруй хүн амиа алдсан. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй гэж аврагчид өгүүлж байгаа аж.
Учир нь Туркэд гэхэд л бүхэл бүтэн орон сууцны хороолол бүхэлдээ нурсан зэргээр олон мянган байшин барилга нурсан, нуранган дор олон мянган хүн амиа алдсан эсвэл аврахыг мөч тоолон хүлээж байгаа юм. Өнөөгийн газар хөдлөлт сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй байсан нь асар их хөнөөл дагуулсан гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ өмнө нь сүйрэл дагуулсан газар хөдлөлтийг туулж, газар хөдлөлтийн тухай хуулиа чангатгасан Турк энэ хууль журмаа мөрдөөгүйд эрх баригчид буруутай гэж Туркийн иргэд ихээр шүүмжилж байгаа талаарх мэдээлэл Туркийн хэвлэлүүдээр гарчээ.
Тэр дундаа сүйрэлд урьдаас бэлдэж чадаагүй гэж Режеп Тайип Эрдоганыг буруутгах хандлага газар авсан байна. Тавдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар товлосон Туркийн эрх баригчдын хувьд иргэдийн энэ шүүмжлэл ихээхэн хүнд тусаж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт дэлхий дахиныг донсолгосон. Хэдийгээр Туркийн иргэд эрх баригчдаа шүүмжилж байгаа ч энэ улсын эрх баригчид маш шуурхай хариу арга хэмжээ авсан гэдгийг энд онцлох нь зүй. Учир нь газар хөдлөлт болсноос ердөө нэг цагийн дараа гэхэд эрэн хайх аврах багууд хохирол амссан бүс нутгуудад оччихсон байгааг харуулах дүрс бичлэгүүдийг дэлхийн хэвлэлүүд цацаж байлаа. Үүний зэрэгцээ Эрдоган бүхий л ажлыг биечлэн хянаж, зохицуулахаар болсон юм.
Энэ бүхэн нь эрх баригчдын нэгдмэл байдал, шуурхай хариу арга хэмжээг харуулж байна гэж иргэдийн зарим нь үзсэн бол Туркийн зүүн өмнөд хэсэгт орон сууцны барилгууд нуран унасныг харуулах гэрэл зургууд тархсны дараа Туркийн олон нийт ихээхэн бухимдсан байна. "Биднийг газар хөдлөлт биш харин материалаа хумсалж байгаа туслан гүйцэтгэгчид, хагарлын шугаман дээр баригдсан барилгууд л алж байна" хэмээн Туркийн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичжээ.
Туркийн Газар хөдлөлтийн сангийн газар хөдлөлт судлаач, зохицуулагч Сейхун Пускулжугийн өгүүлснээр, Туркийн засгийн газар Бага Ази гшазар хөдлөлтийн аюултай гэдгийг сайтар мэднэ, мөн өнөөгийн хөнөөлт чичирхийлэлтүүд "гэнэтийн зүйл" байгаагүй гэнэ. Тиймээс л олон нийтийн дунд "барилгын салбар ихээхэн хөгжсөн, тэргүүлэгч газар хөдлөлт судлаач эрдэмтэд ажилладаг улс оронд газар хөдлөлтөд яагаад бэлдэж чадаагүй вэ" гэсэн асуулт урган гарчээ.
1999 онд Туркэд Измир хотын ойролцоо 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тухайн үед 17 мянган хүн амиа алдаж, 250 мянга орчим хүн орон гэргүй хоцорсон байна. Энэ эмгэнэлт үйл явдлын дараа Туркийн Засгийн газар барилгын шинэ нормыг баталж, цаашид газар хөдөлсөн нөхцөлд хөнөөлийг багасгах зорилгоор шаардлагуудыг чангатгажээ. Гэвч өнөөгийн сүйрлээс харахад энэ журмыг компани бүр баримтлаагүй бололтой.
Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг шүүмжлэгчдийн мэдэгдсэнээр, Туркийн Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн барилгыг барьсан тул хууль журмыг зориуд зөөлрүүлсэн гэнэ. Харин эдгээр компаниуд нь ашиг олохын тулд газар хөдлөлтөд тэсвэртэй байх учиртай барилгын материалаа хэмнэсэн аж. Харин Засгийн газрыг дэмжигч шинжээчид газар хөдлөлтийн улмаас сүйрсэн барилгуудын ихэнх нь 2000 оноос өмнө буюу хууль журмыг чангатгахаас өмнө баригдсан хэмээн мэдэгджээ.
Шинэ журамд нийцүүлэн бэхлэгээ хийх зэргээр өөрчлөөгүйд мөн л эрх баригчдыг шүүмжилж байгаа ч энэ шүүмжлэл нэг их хүчтэй өрнөхгүй байгаа юм. Учир нь туркүүд одоо хүний амь аврах гэсэн цор ганц зорилготойгоор л нэгдэж байна.
"Туркийн газар хөдлөлтийн тухай хууль маш хатуу, гэвч сүүлийн жилүүдэд энэ хуулийг бараг л баримтласангүй. Олон зүйлийг эргэцүүлж, авч үзэх ёстой, гэхдээ өнөөдөр биш. Бид өнөөдөр хүний амийг аврах дээр л гол анхаарлаа хандуулж байна" хэмээн Туркийн сэтгүүлч Аслы Айдынтасбас бичжээ.
Түүнчлэн байгалийн гамшгийн дараа нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Энэ бүхнийг Эрдоганы өрсөлдөгчид сонгуулийн өмнө түүний эсрэг ашиглаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Мөн барууны орнууд болон Туркийн хоорондын харилцаа сүүлийн үед ихээхэн хурцадсан. Гэхдээ харилцаа хурцадмал байдалд орсон ч байгалийн гамшгийн үед дэлхийн бүхий л орон, тэр дундаа барууны орнууд Туркэд гар сунган тусалж байгаа юм. Мөн өмнө нь хоорондоо дайтаж байсан, өнөөдөр ч харилцаа нь тийм сайнгүй Армени улс тусламж үзүүлж, аврагчдаа илгээсэн. Энэ бүхэн нь Эрдоганы хувьд олон улстай харилцах харилцаагаа хэвийн төвшинд авч яваа гэж харуулан "оноо авах" нэг нөхцөл болж болох юм.
Г.Бямбасүрэн