Ромын пап ням гарагт ярилцлага өгөхдөө өвдөг нь өвчинтэй байгаа ч аяллаа цааш үргэлжлүүлнэ гээд "хогийн ургамал үхдэггүй юм" хэмээн хошигносон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Тэрбээр гадаад айлчлалаас эргэн ирснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзан, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Ромын пап энэ удаад Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Өмнөд Судан руу айлчлаад эргэн иржээ.
Сэтгүүлчид түүнээс эрүүл мэнд болон аяллын төлөвлөгөөний талаар асуухад есдүгээр сард Монголд айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. "Есдүгээр сарын 29-ний өдөр би Марсель явна, тэндээсээ Монгол руу ниснэ. Гэхдээ хараахан тодорхой болоогүй, ер нь явах байх" хэмээн Ромын пап өгүүлжээ. Энэ нь Ромын папын хувьд манай улсад айлчлах анхны тохиолдол болох юм.
Өдгөө 86 настай Ромын пап өвдөгний архаг өвчний улмаас хэдэн сарын туршид тэргэнцэр, таягтай явах болсон. Гэхдээ эрүүл мэндийн байдал нь цаашдын аялалд нөлөөлөхгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.
"Хогийн ургамал хэзээ ч үхдэггүй шүү дээ. Эрүүл мэнд өмнөх шигээ байхаа больсон ч урагшилж л байна" хэмээн Ромын пап Франциск хошигножээ.
Ройтерсын мэдээнд "Монголд 1500 хүрэхгүй католик шашинтан байдаг. Гэхдээ Хятадтай хиллэдэг, тэндэхийн католик шашинтнуудын нөхцөл байдлыг Ватикан сайжруулахыг хичээж байгаа тул Монгол дахь айлчлал стратегийн ач холбогдолтой" хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |