Тегеран хотын Азади талбай дээр бүжиглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан залуу хосыг Ираны шүүх 10,5 жилээр хорих ялаар шийтгэжээ. Энэ талаар Аль Арабия суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Астияж Хагиги болон түүний сүйт залуу Амир Ахмади нар 20 гаруйхан настай гэнэ. Тэд талбай дээр бүжиглэх үед бүсгүй нь хижабгүй байсан бөгөөд залуу хос бүжгийнхээ бичлэгийг нийтлэсний дараа тэднийг "бусармаг үйлдэл гаргасан", "үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор үгсэн хуйвалдсан", "дэглэмийн эсрэг суртал ухуулгад оролцсон" хэмээн буруутгажээ. Залуу хосыг шүүхдээ тэдэнд хуульзүйн тусламж үзүүлээгүй гэнэ. Ингээд 10,5 жилийн хорих ял оноосны дээр хоёр жил интернет ашиглах, улсаас гарахыг хоригложээ.
Энд дуулгахад, өнгөрсөн оны есдүгээр сард Иранд 22 настай Махса Амини бүсгүй хижаб буруу өмссөн хэргээр ёс суртахууны цагдаагийнханд баривчлагдсаныхаа дараа нас барж, улмаар эсэргүүцэл өрнөж байв. Анхлан эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхлүүлсэн жагсаал Ираныг бүхэлд нь хамарч, иргэд засгийн газрын эсрэг тэмцэн, эмх замбараагүй байдал газар авсан юм. Үүний дараа Ираны эрх баригчид жагсагчдыг хүчээр дарж, олон мянгаар нь баривчлан, ээлж дараалан хатуу шийтгэл оноож, олон хүнд цаазаар авах ял оноосон. Мөн цаазын ял сонссон хүмүүст өмгөөлөл үзүүлэхийг хориглосон бөгөөд Эмнести Интернейшнл байгууллагын мэдээлснээр Ираны эрх баригчид эсэргүүцлийн үеэр баривчлагдсан 26 хүнд цаазын ял оноожээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |