Оросын арми Херсоноос ухрах шийдвэр гаргалаа

Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-ны командлагч генерал Сергей Суровикин Днеприйн баруун эргээс цэргүүдээ татах саналыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд тавьж, улмаар зөвшөөрөл авчээ. Энэ мэдээлэл олон улсын анхаарлыг ихэд татаж, Оросын тал хугацаа хожих гэж байна гэж зарим шинжээчид үзэж байгаа юм.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон "тусгай цэргийн ажиллагаа"-ны командлагч генерал Сергей Суровкиин нар ойрын өдрүүдэд Оросын арми Днеприйн баруун эрэг, тэр дундаа Херсоноос явахаар болсон талаар зарлажээ. Днепрээр дамжуулан цэргийн хангамжийг нийлүүлэхэд хүндрэлтэй байгаа, харин зүүн эрэг дээр байрлавал хангамж найдвартай болох тул ийм шийдвэр гаргасан гэнэ.
Украины эрх баригчид болон армийн зүгээс энэ мэдэгдэлд үл итгэсэн байдалтай хандаж байна. Тэдний мэдэгдсэнээр одоогоор цэргээ бодитоор татаж байгаа шинж харагдахгүй байгаа түүнчлэн баруун эрэг дээрх Оросын цэргүүд бэхлэлтэд бэлэн байгаа шинж ажиглагдаж байгаа гэнэ. Лхагва гарагийн үдэш Херсонг тойрсон фронтын цэгүүд дэх суурин газруудаас Орсоын цэргүүд гарч байгаа гэсэн мэдээлэл гарсан ч энэ мэдээллийг нотлох баримт одоогоор гараагүй байна.
Өөр нэг анхаарал татсан мэдээлэл нь Шойгу болон Суровикин нар цэргээ татахаар болсон тухай мэдэгдэхээс өмнөхөн Херсон мужийн Оросын талыг баримтлагч захиргааны орлогч дарга Кирил Стремоусов учир битүүлгээр нас баржээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Кирилл Стремоусов Новая Каховка хотын ойролцоо машинтайгаа явж байгаад осолд орсон гэнэ.
Херсоноос ухарсан нь Оросын урхи уу?
Херсон бол Украинд дайн эхэлснээс хойш Оросын арми эзэлсэн цорын ганц мужийн төв байсан юм. Энэ хотоос ухрах болсон шийдвэрээ Шойгу болон Суровикин нар цэргүүдийн амь насыг хамгаалахтай холбоотой хэмээн тайлбарлажээ.
"ОХУ-ын цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд нэн тэргүүнд тавигдана" хэмээн Сергей Шойгу мэдэгдсэн бол Суровикин "өнөөгийн нөхцөлд Херсон болон ойролцоох суурин газрууд дахь цэргүүдэд бүрэн дүүрэн хангамж нийлүүлэх боломжгүй байна" хэмээжээ. Мөн энэ шийдвэр "хүнд" байсан гээд ойрын үед цэргээ татна хэмээн онцолсон байна.
Ийм шийдвэр гарсан ч одоогоор Оросын арми Херсоныг орхиж байгаа гэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк онцолжээ. Түүний өгүүлснээр Херсон хотод Оросын цэргүүдийн ихэнх нь байгаа, энэ бүс рүү нэмэлт нөөц хүч татаж байгаа гэнэ.
Оросууд цэргээ татах талаар зарласан нь "зальжин" арга гэж үзэж байгаагаа Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак илэрхийлээд "бид нэг алхам түрүүлж алхана" хэмээн мэдэгдсэн байна.
Оросын армийн ухрах шийдвэрийн талаар хэн юу гэв?
Оросын армийн энэ шийдвэрийн дараа НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэл хийхдээ Днеприйн баруун эргээс Орос улс үнэхээр цэргээ татаж байгааг батлах баримт гартал хүлээхийг уриалсан байна.
"Бид зарлахыг нь харлаа. Гэхдээ одоогоор тэнд юу болохыг хүлээж, харцгаая. Бидний мэдэж байгаачлан, Оросын цэргүүдийг эхлээд Киев орчмоос шахсан, дараа нь Харьков орчимд ийм үйл явдал болсон. Украинчууд Херсон орчимд ч Оросын цэргийг шахаж чадна гэдгийг бид харж байна" хэмээн Йенс Столтенберг мэдэгджээ.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор өмнө нь Орост АНУ-ыг төлөөлөн сууж байсан элчин сайд Майкл Макфол ч байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр Шойгугийн мэдэгдэл бүхий видеог Твиттер хуудсандаа нийтлээд "Ялагдал гэж үүнийг хэлдэг юм. Та нар орос хэл мэдэхгүй ч гэсэн уур амьсгалыг мэдрэхийн тулд Шойгугийн видеог үзээрэй" хэмээн бичжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ үйл явдлыг гэнэтийн тохиолдол биш, энэ нь Орост тулгарсан хүндхэн асуудлуудыг гэрчилж байна хэмээлээ.
"Тэд ийм шийдвэр гаргахдаа юу хүлээж байсан нь сонин. АНУ-ын сонгууль дуусахаас ч өмнө тэд ийм шийдвэр гаргана гэдгийг бид эртнээс л мэдэж байсан. Тэдэнд, Оросын армид хүндхэн асуудал тулгарсан гэдгийн баталгаа нь энэ шийдвэр боллоо" хэмээн Байден Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Украины тал Оросын армийн энэ шийдвэрт итгэхгүй байгааг албаны олон төлөөлөгчийн байр сууринаас харж болох юм. Михаил Подоляк, Андрей Ермак нараас гадна Украины Зэвсэгт хүчний төлөөлөгч ч байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, Украины Зэвсэгт хүчин Оросын арми Днеприйн баруун эргээс ухрах тухай шийдвэр гаргасныг "үзүүлэх тоглолт" хэмээн үзэж байгаа талаар "Юг" шуурхай командлалын хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк мэдэгджээ
"Цэргүүдийн амь насыг хамгаална, энгийн ард иргэдийг хамгаална гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг оролдон ийм мэдэгдэл хийж байгаа нь Украины Зэвсэгт хүчнийг харлуулах гэсэн ээлжит оролдлого" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Гуменюкийн онцолсноор, ийм цэргийн ажиллагааг ихэвчлэн нийтэд зарлахгүйгээр гүйцэтгэдэг байна. Харин Оросын арми ийнхүү олны өмнө ил тод зарласан нь "үзүүлэх тоглолт, өөрсдийгөө зөвтгөх гэсэн арга" гэдгийг нотолж байна хэмээн тэрбээр онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ